Цар тахлын үед бие, сэтгэлээрээ хүчтэй байцгаая #BeStrong
Буцах

  2020.12.01
...

Коронавирусийн цар тахлын халдвар дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой цаг үед сайн үйлсийн төлөөх санал санаачилгад М-Си-Эс Групп идэвхтэй оролцож байна. Нэн тэргүүнд иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг сунган эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа салбарынханд шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэхийг зорьж, #BeStrong уриан дор хандив тусламжийн аян өрнүүлж эхэллээ. Тухайлбал,

-Группийн хамт олны зүгээс ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудын дархлааг дэмжих бүтээгдэхүүн, шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 100 сая төгрөгийн хандив,

-Юнител группээс ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ЦЕГ, 21 аймгийн Онцгой комисс зэрэг байгууллагад 155 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээ,

-М-Си-Эс Кока-Кола компани дангаараа 28 сая төгрөгийн ус, ундаа, Тотал Дистрибюшин компанитай хамтран 21 аймгийн Онцгой комиссын ажилтан, албан хаагчдад 11.2 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн,

-Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Ханбогд сумдын Онцгой комисст нийт 22.5 сая төгрөгийн үнэ бүхий 1,500 ширхэг түргэвчилсэн тест хандивлалаа.

-М-Си-Эс Холдинг компанийн ажилтнууд #BeStrong аяныг дэмжиж, “Бодьзул” ТББ-тай хамтран Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн 90 өрхөд сайжруулсан түлш, хоол хүнс хүргүүлэх ажлыг зохион байгуулаад байна.

Дотоодод цар тахлын халдвар тархсанаас хойших хугацаанд М-Си-Эс Группийн компаниуд нийт 320 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, бэлэн мөнгө хандивлаад байгаа бол он гарсаар нийт 580 гаруй сая төгрөгийн хандив, тусламжийг цар тахалтай тэмцэх үйлст зориулж албан байгууллага, хувь хүмүүст хүргээд байна.