М-Си-Эс Групп сүүлийн таван жилд 4.4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлжээ
Буцах

  2025.09.17
...

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсөвт нийт 4.4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс, 2024 онд 1.3 их наяд төгрөгийг хуримтлуулан, улсын нийгэм, эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Группийн өнгөрсөн онд төлсөн татвар хураамж нь Монгол Улсын 2024 оны татварын нийт орлогын 5 орчим хувийг бүрдүүлжээ.

Тайлант онд М-Си-Эс Групп нь залуучуудын эх орондоо ажиллаж амьдрах итгэл, зүтгэлийг нэмэгдүүлж 600 гаруй ажлын байр шинээр бий болгож, М-Си-Эсчүүдийн эгнээ нийт 14,000 ажилтантай болж өргөжлөө. “Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох” хамтын зорилгын хүрээнд ажилтнууд маань улс эх орныхоо болон компанийнхаа хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж буйг нь үнэлж, сард 60 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ. Бид орчин үед тавигдаж байгаа ажлын байрны шаардлага болох уян хатан ажлын цаг, тав тухтай, хөдөлмөрийн аюулгүй ажиллах орчныг бүрдүүлснээр ажилтнуудын ажлын үр бүтээмж, амьдралын чанар дээшилсээр байгаа юм. Хамтдаа тасралтгүй хөгжих, мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцах зарчимд тулгуурлан ажилтнуудыг хувь хүний хөгжилд чиглэсэн мэргэжлийн өндөр түвшний сургалт, хөтөлбөрүүдэд тогтмол хамруулдаг нь тэдний хүсэл сонирхолд нийцдэг нь сургалт бүрийн өндөр үнэлгээ харуулж байна.

Мөн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж ирсэн ба өнгөрсөн жилээс хувийн эрүүл мэндийн даатгалд гэр бүлийн хамтаар хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжийг олгож эхэллээ.

Нийгмийн хариуцлагын үйлсэд 55 тэрбум төгрөгийг зарцуулсан

Бид байгаль орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг чухалчлан баримталж ирсэн бөгөөд 2024 онд нийт нийгмийн хариуцлагын 98 төсөл, хөтөлбөрт 55 тэрбум төгрөгийг зарцууллаа.

Тухайлбал, М-Си-Эс Групп оюутан залуучуудын хөгжил дэвшил болон боловсролыг дэмжих зорилгоор найман их сургуулийн 78 оюутныг шалгаруулан нэг жилийн сургалтын тэтгэлэг олгож, мэргэжлийн чиглэлээрээ гурван сарын хугацаатай цалинтай дадлага хийх боломжоор хангасан билээ.

М-Си-Эс Групп 3.1 их наяд төгрөгийн “эх оронч” худалдан авалт хийжээ

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Бид 2024 онд дотоодын 8,600 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчээс бараа, ажил, үйлчилгээ авч, нийт худалдан авалтынхаа 90 хувьд “эх оронч” сонголт хийжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын аж ахуйн нэгж болон хувь хүнээс 3.1 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан байна.