М-Си-Эс Группийн найман компани “Топ аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа
Буцах

  2021.06.28
...

2020 он дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас хувийн хэвшил төдийгүй улс оронд тааварлашгүй сорилт, бэрхшээл ихтэй жил байлаа. Хэдий тийм ч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн жилд жинтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулжээ. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар болон МҮХАҮТ-аас хамтарсан ажлын хэсэг албан ёсны тайланд үндэслэн үндсэн таван үзүүлэлтээр аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхэд М-Си-Эс Группийн найман компани шилдгээр тодорч, групп компанийн амжилтаар хоёрдугаарт шалгарлаа.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад группийн Энержи Ресурс, М-Си-Эс Холдинг, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Проперти, Юнивишн, Тотал Дистрибюшин, Юнисервис Солюшин компаниуд өргөмжлөгдлөө.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн арван жилд нэгтгэсэн дүнгээр гурван их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөв төвлөрүүлснээс тайлант онд нийт 444 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төлжээ.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлахын зэрэгцээ аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, дотоодын аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг. Тухайлбал, 2020 онд нийт 1.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 3000 орчим аж ахуйн нэгж, 527 хувь хүнээс 1.1 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна.

Бид өөрийн болон бусад эх үүсвэрүүдээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож, түүнийгээ эдийн засгийн хүнд үеүд, өнөөгийн цар тахлын жилүүдэд хэвээр хадгалах бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд 10 мянган үндсэн ажилтнуудаас гадна 20 мянга гаруй иргэдийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж иржээ.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд группийн компаниуд нь нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж 2020 онд 101 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. М-Си-Эс Групп өнгөрсөн онд нийт 14 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулснаас Монгол Улсад ковид-19 аюулт халдвар тархсанаас хойшхи хугацаанд М-Си-Эс Группийн компаниуд нийт 600 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, бэлэн мөнгө, хандив, тусламжийг цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, арга хэмжээнд зориулж албан байгууллага, албан хаагчид, хувь хүмүүст хүргэсэн байна.

Ийнхүү бид өдөр бүр 1.2 тэрбум, сард 37 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 10 мянган ажилтандаа сард 20 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 3000 орчим бизнес эрхлэгчээс сард 100 орчим тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.