М-Си-Эсчүүд сагсан бөмбөг, ширээний теннисийн 2025 оны аваргуудаа тодорхойллоо
Буцах

  2025.05.26
...

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Орчлон сургууль, M bank Arena төвүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнд 23 компанийн 350 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдлөө.

Тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Анунгоо компанийн баг тамирчид алтан медаль, М-Си-Эс Кока-Кола компани мөнгөн медаль, М-Си-Эс Проперти компани хүрэл медалийг хүртэж, Энержи Ресурс компани тусгай байрын шагналыг хүртлээ.

Харин тэмцээний эмэгтэй төрөлд алтан медалийг М-Си-Эс Проперти, мөнгөн медалийг Юнител Групп, хүрэл медалийг Анунгоо компанийн баг тус тус хүртэж, М-Си-Эс Кока-Кола компани тусгай байрыг эзэлсэн юм.

Мөн тэмцээний шилдэг тоглогчдоос бүрдсэн бэлгэдлийн багийг шалгаруулсан ба эрэгтэй төрөлд:

  • Үнэ цэнтэй тоглогч: Анунгоо компанийн тамирчин Э.Ган-Эрдэнэ
  • Шилдэг төвийн тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин П.Адьяа
  • Шилдэг довтлогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Х.Анар-Эрдэнэ
  • Шилдэг хамгаалагч: Анунгоо компанийн тамирчин Ч.Батхүлэг
  • Шилдэг хүчний довтлогч: М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин А.Уранхүү

Эмэгтэй төрлийн бэлгэдлийн багт:

  • Үнэ цэнтэй тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Мөнхсоёл
  • Шилдэг төвийн тоглогч: Юнител Группийн тамирчин Ц.Солонго
  • Шилдэг довтлогч: Юнител Группийн тамирчин О.Түвшинзаяа
  • Шилдэг хамгаалагч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Санчирмаа
  • Шилдэг холбон тоглогч: Анунгоо компанийн тамирчин Ш.Өнөрмаа

Сагсан бөмбөгийн тэмцээний нийлбэр дүнгээр М-Си-Эс Проперти компанийн баг, тамирчид аваргын цомын эзнээр гурав дахь жилдээ дараалан шалгарч, шилжин явах цомыг үүрд хадгалахаар боллоо.

Энэ удаагийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 2024 оны М-Си-Эс Группийн шилдэг тамирчдаас бүрдсэн бэлгэдлийн баг Монголын 3х3 үндэсний шигшээ багийн тамирчид болох Г.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, О.Энхбаатар, А.Ананд, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нарын эсрэг тоглосон нь онцлог байлаа.

Түүнчлэн ширээний теннисийн тэмцээнд ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй болон хосын төрлөөр 18 компанийн 72 тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Ширээний теннисийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг Сэлбэ сургуулийн тамирчин Г.Түвшинбаяр, мөнгөн медалийг М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин М.Даваасүрэн, хүрэл медалийг Юнител Группийн тамирчин Б.Дуламсүрэн, тусгай байранд Ашид Капитал ББСБ компанийн тамирчин А.Насандэлгэр нар тус тус шалгарсан бол эрэгтэй төрөлд Энержи Ресурс компанийн тамирчин Г.Баярбаатар алтан медаль, Топ Моторс компанийн тамирчин Д.Батхөлөг мөнгөн медаль, Юнител Группийн компанийн тамирчин Б.Наранбаатар хүрэл медалийн эзнээр тодорч, тусгай байранд М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Т.Батням шалгарсан юм.

Харин тэмцээний хосын төрөлд Энержи Ресурс компанийн тамирчин Г.Мөнхжаргал, Т.Маргад-Эрдэнэ нар алт, М-Си-Эс Проперти компанийн тамирчин С.Ганчимэг, Б.Цолмонбаатар нар мөнгө, Юнител Группийн тамирчин Ө.Нямжав, Б.Баянхангай нар хүрэл медаль, М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Б.Ариунтэс, О.Билэгт нар тусгай байрын эзэд тус тус боллоо.