Гэрээс ажиллах туршилт: Бид дижитал шилжилтэд бэлэн үү?
Буцах

  2020.03.11
...

Коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа зайнаас буюу гэрээс нь ажиллуулах, богиносгосон цагаар ажиллуулах зэрэг зохицуулалт, арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Энэ нь Монголд төдийгүй дэлхий дахинд гэрээсээ ажиллах хамгийн том туршилт болж байна.

Дэлхий даяар хэрэгжиж буй дижитал шилжилтэд цаашид хэрхэн бэлдэх, зайнаас ажиллахад цаашид юуг анхаарах, ямар давуу талтай талаар М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөртэй интернэтээр ярилцсан юм. Тэрээр “Сайн талгүй муу зүйл гэж байдаггүй гэдэг шиг биднийг дижитал шилжилтэд хэр бэлэн байгааг шалгах, дижитал шилжилтийн арга техникийг турших, хойш нь тавьж байсан бол өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэх боломж гарсан. Нийт ажилтнуудаа аюулт өвчин тахлаас хамгаалахын зэрэгцээ бизнесээ цахим байдлаар хэр сайн удирдаж байгаагаа буюу дижитал шилжилтэд хэр бэлэн байгаагаа шалгаад авах боломж” гэсэн юм.

Олон хувилбарыг ашиглах

М-Си-Эс Группт нийт 9000 гаруй хүн ажилладаг. Тэдний 60 орчим хувь нь үйлдвэр, үйлчилгээ, борлуулалтын ажилтнууд байдаг. Үлдсэн хэсэг нь оффисын ажилтан. Одоогийн байдлаар үйлдвэр, үйлчилгээ, борлуулалтын ажилтнуудыг урьдчилан сэргийлэх бүхий л хамгаалалт, арга хэмжээг авч ажиллуулж байгаа бол оффисын ажилтнууд хоёрдугаар сарын эхний хагасаас эхлэн ихэвчлэн гэрээсээ ажиллаж байна. Дүгнэвэл тус группийн 2000-2500 гаруй ажилтан өдөр бүр гэрээсээ ажиллаж, 1500-2000 ажилтан тодорхой өдрүүдэд гэрээсээ ажиллаж байна.

Ажлын онцлогоос шалтгаалж гэрээсээ ажиллах, тодорхой өдрүүдэд оффис дээр ээлжлэн ажиллах зэрэг олон хувилбарыг туршиж байна. Мэдээж компанийн бизнесийн онцлогоос шалтгаалж гэрээс ажиллах зохицуулалт өөр, өөр байгаа. Жишээлбэл, М-Си-Эс Интернэшнл, Эрчим сүлжээ компаниуд үндсэндээ 100% гэрээсээ ажиллаж байгаа бол Анунгоо, Маркет Гейт зэрэг компанийн оффисын ажилтнууд ажлын таван өдрийн гуравт нь гэрээсээ ажиллаж байна. Борлуулалтын компани учраас ажилтнуудын ихэнх хувийг түгээлт, агуулахын ажилтан эзэлдэг. Ажлын онцлогоос шалтгаалж тэд энгийн хуваариар ажиллаж байгаа. Харин борлуулалтын алба нь долоо хоногийн нэг өдөр нь оффис дээр цугларч мэдээллээ аваад бусад өдөр нь шууд талбар руу гарч ажиллах зохицуулалт хийсэн байгаа юм.

Ерөнхийдөө оффисын буюу санхүү, хүний нөөц, мэдээллийн технологи, маркетинг, бизнес хөгжил, худалдан авалт зэрэг албаны ажилтнууд ээлжлэн оффис дээр ажиллах хуваарь гаргаснаар гэрээсээ ажиллах боломж бүрэн байгаа нь харагдлаа. Мөн судалгаа хийх, бичиг баримт боловсруулах буюу бусад ажилтнаас хамаарал бага үед гэрээс ажиллуулахад тохиромжтой санагдсан.

Хүүхдүүдээ харах, өвчтэй үедээ хүмүүс ажлаасаа чөлөө авдаг. Энэ удаагийн туршлагаас харахад цаашид дээрх шалтгаануудын үед гэрээр ажиллуулах бүрэн боломжтойг харууллаа. Мөн долоо хоногт тодорхой өдрүүдэд гэрээс нь ажиллуулах талаар судлах туршлага, жишээ бий боллоо.

Ажиллах арга барилдаа тохируулах боломж

Оффисын нягтрал 2-3 дахин багасч, сэлүүхэн болсон учраас зарим хүн саналаараа ирж ажиллаж байгаа. Энэ нь төвлөрөх боломжийг олгож байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэртээ төвлөрч суухад хүндрэлтэй байгаа учраас оройн цагаар сууж ажиллах нь нэмэгдсэн. Тиймээс оффис дээр илүү төвлөрч ажиллахаар ирж байна.

Түүнчлэн манай групп сүүлийн жилүүдэд ажлын цагийн уян байдалд анхаарч, ажилтнууд өөрийн ажиллах арга барилдаа тохируулан ажлын цагаа сонгох боломжийг олгож байгаа. Ажилтнууд маань хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэг, гэрийн ажил, замын түгжрэлээ тооцоолоод өглөө 08:00-10:00 цагийн хооронд дуртай үедээ ажилдаа ирээд орой 17:00-19:00 хооронд тарах бололцоог олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын эхлэх болон тарах цагийг уян хатан болгож, ажлын цагт баригдсан биш үр дүнтэй нь уялдсан хяналтын системтэй болохоор зорьж байгаа.

Ажлын гүйцэтгэл, бүтээмж

М-Си-Эс Группийн зарим компанийн хувьд алсын зайнаас бизнесээ цахим байдлаар удирдах арга барилыг аль хэдийнэ хэрэгжүүлээд, энэ талаар туршлагатай болчихсон байгаа юм. Тухайлбал, орон нутгийн тээвэр ложистикийн Тотал Дистрибюшин компанийн хувьд 21 аймагт салбартай учраас алсын зайнаас салбаруудтайгаа холбогдож, ажлаа амжилттай явуулаад сурчихсан байна. Харин зарим компанийн хувьд гэрээс ажиллах анхны тохиолдол нь энэ болохоор суралцах хэрэгтэй зүйлс их байгааг олж харлаа. Мэдээж бүтээмж 100 хувь хадгалагдаж чадсан уу гэвэл анхны удаа болохоор арай үгүй л болов уу. М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хувьд зайнаас ажилласан зургаан албаны гуравт нь хүндрэл тодорхой хэмжээгээр гарсан гэж хариулсан. Дийлэнх нь үүрэг даалгаврын гүйцэтгэл тал дээр бүтээмжийг хянасан байгаа юм. Гэхдээ ерөнхийдөө группийн ихэнх компани ажлын гүйцэтгэлд зөрүү гараагүй гэж мэдээлсэн. Өдөр бүрийн ажлын тайлан, долоо хоногийн төлөвлөгөөт ажлын биелэлтээр ажлыг хэмжих боломжтой байгааг компанийн удирдлагууд онцолж байсан.

Компаниуд гэрээс ажиллах туршилтын үед дижитал платформуудаа бүрэн ашиглаж хэвшиж байна. Ингэснээр ажилтнуудын бүтээмж ч сайжирч байгааг зарим компанийн удирдлага хэлж байна. Гэрээс ажиллуулах шийдвэр гаргахаас өмнө ажилтнуудын бүтээмж буурах вий гэсэн болгоомжлол байсан ч хэрэгжүүлж эхлэхэд төсөөллөөс хавьгүй дээр байгаа нь ажиглагдсан. Мөн ажилтнууд гэртээ ажиллаж байхдаа илүү хариуцлагатай байж утасны дуудлага, мэйл зэрэгт маш шуурхай хариу өгч хариуцлагатай хандаж байгааг онцлохоор байна.

Хариуцлага

Ажилтнуудын хувийн зохион байгуулалт, туршлага, гэр бүлийн байдал (бага насны  хүүхэдтэй эсэх) зэрэг онцлогоос хамааран гүйцэтгэл ялгаатай, харилцан адилгүй байгаа. Гэхдээ одоогоор гэрээс ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлын бүтээмж, үр дүнг удирдлагууд нь хянаж байгаа болохоор ямар нэгэн асуудал үүсээгүй. Байнгын харилцаа холбоо, уялдаатай ажиллаж байна.

Мэдээж энэ үед удирдлагын хариуцлага, хяналт, зохион байгуулалт чухал үүрэгтэй. Гэрээс тодорхой хугацаанд удирдлагатайгаа зөвшилцсөн байдлаар ажиллах нь ажилтны ажил амьдралыг тэнцвэржүүлэх, оффисын ачааллыг бууруулах, ажлын бүтээмж, ажилтны сэтгэл ханамж сайжрах зэрэгт давуу тал үүсгэж байна гэдгийг ч хэлж байна. Жишээлбэл, Скай Резорт компанийн Хүний нөөцийн албанаас “Гэрээр ажиллах зөвлөмж” гаргаж ажилтнуудад танилцуулсан байгаа юм. Ажилтан нь гэрээс хийгдэх ажлын төлөвлөгөө, хугацааг шууд удирдлагатайгаа тохирч, шууд удирдлага тухай бүр гүйцэтгэлийг нь үнэлж, ажилласан цагийг баталгаажуулах байдлаар гэрээс ажиллаж байна.

Шинэ орчинд ажиллах

Ажилтан бүрийн хувийн зохион байгуулалт сайжирч, шинэ орчинд ажиллаж сурч байна. Хүний нөөцийнхөн ажил горилогч нартай онлайнаар ярилцлага хийхэд амжилттай болсон төдийгүй өмнөхөөс нэг их зөрүү гараагүй гэж мэдээлсэн. Энэ мэтчилэн ажилтнууд хийх ёстой ажлаа цаг алдалгүй хийж, танилцуулж хариуцлагатай байгаа. Компани ч хариуцлагатай байж цалинд өөрчлөлт оруулаагүй.

Техникийн бололцоог хангах

Манай группийн компаниуд Microsoft Office 365 программыг нэвтрүүлсэн учраас хурал, уулзалтуудаа дотоод харилцааны Microsoft Teams платформоор хийж, дүрсээ харж, танилцуулах материалаа дундаа хуваалцаж, ярилцаж байна. Энэ платформын тусламжтайгаар 1000 хүртэлх хүн нэг зэрэг хамт хуралдах боломжтой. Мөн Microsoft Planner программаар ажлын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлээ хянаж, мэдээллээ тогтмол солилцож байгаа. Зарим албанд утас, и-мэйлээр харилцаад явахад шийдвэр гаргалт удааширч байгаа ч үүнийг дижитал платформын давуу талыг ашиглан шуурхай шийдэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ажлын явц хаана, хэн дээр удааширч байгааг хянах бололцоог олгохоос гадна ажилтан ч ажлын цагаа зөв хуваарилан ажиллах бололцоог олгож байна. Мэдээж яаралтай, хугацаа шахуу олон хүн хамтарч хийх ажлууд дээр онлайнаар хуралдаж, материал нэгтгэх, ажлын аргачлал гаргах нь хүндрэлтэй байгаа тул шаардлагатай баг оффистоо ажиллаж байгаа. Мөн хэн хэзээ гэрээсээ ажиллах, хэзээ ажлын байран дээр ирэхийг бүртгэж зохицуулах аппликэйшнийг мэдээллийн технологийн ажилтнууд маань богино хугацаанд хөгжүүлсэн нь хэн хаанаас ажиллаж байгааг хялбар нэг зэрэг харах, ажлаа зохицуулах боломжийг олгож байна.

Гэрээс ажиллах үед техникийн бололцоог хангах нь хамгийн чухал санагдсан. Хамгийн гол нь бүх ажилтныг зөөврийн компьютероор хангаж өгөх нь чухал. Энэ удаагийн туршлага тус группийн компаниудын дижитал шилжилтийн бэлэн байдлыг бодитоор харах, анхаарах бололцоог олголоо.

Сэтгэл ханамж

Гэрээс ажиллахад ажилтнуудын хариуцлага илүү сайжирсан. Мэйлээр харилцах харилцаа илүү хурдан болсноос гадна ажилтнуудын сэтгэгдэл ч эерэг байна. Урьдчилан сэргийлэхээс гадна хоол, унааны мөнгөө хэмнэж байгаа нь залуусын эдийн засагт ашигтай шүү дээ. Ажилд ирэхийн тулд замд хэчнээн уддаг билээ. Цаг ч хэмнэж байна. Хөл хорионы үед ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалж, цэцэрлэг, сургууль хаагдсан үед үр хүүхдээ хараа хяналтгүй байхаас сэргийлэх зэрэг давуу тал үүсгэж байгаа нь тааламжтай байгааг дотоод сүлжээгээр дамжуулан хэлж байна.  Зарим компанийн хувьд ажилтнууд маань гэрээсээ илүүтэй ажил дээрээ хамт олон дундаа байх нь таатай байна гэдгийг хэлж байсан. Тиймээс гэрээс ажиллах нь нэг талаар ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг олгож байгаа ч нөгөө талаар хэт удвал хамт олны дотно уур амьсгалд нөлөөлөх магадлалтай гэж санагдсан. Энэ үед дотоод зохион байгуулалт, зохицуулалт чухал.