Өндөр хүчдэлийн шугамын бүтээн байгуулалт амжилттай хийгдлээ
БуцахМонгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Мандалговь-Тавантолгой-Оюутолгой чиглэлд 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах төсөл амжилттай хийгдлээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 22 компани, бэлтгэн нийлүүлэгчээр дотоод гадаадын 40 гаруй компани ажиллаж, бүтээн байгуулалтанд нийт 300 гаруй ажилтан оролцжээ. 2011 онд эхэлсэн төслийн ажлын эхний шат буюу Өмнөговь аймгийн Даланзадгад, Манлай болон аймгийн төвийн ойролцоох гурван сумыг Төвийн бүсийн эрчим хүчний системд холбон, дэд станцыг Цогтцэций суманд барьж ашиглалтанд оруулсан бол 2-р шатны ажил болох Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын хоёр хэлхээт 138 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтыг амжилттай хийснээр 2013 оны наймдугаар сарын 16-ны өдөр ийнхүү залгагдлаа.
Энэхүү төслийн хүрээнд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг цогцоор нь ашиглахыг зорьсон бөгөөд Монголчууд анх удаа өөрсдөө зураг төсөл, барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь хэрэгжүүлсэн 2 хэлхээтэй 220 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам гэдгээрээ онцлог юм. Уг төсөл хэрэгжсэнээр өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбож, говийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж байгаагаас гадна Тавантолгой, Оюутолгой төслийн цахилгааны боломжит хэрэглээг дотоодоос хангаснаар борлуулалтын орлого нэмэгдэж, БНХАУ-аас импортоор авах цахилгааны хэмжээг бууруулах зэрэг томоохон ач холбогдолтой юм.