Хямралын үеийн хүний нөөцийн бодлогын талаар зөвлөлдөв
БуцахМонголын Хүний Нөөцийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс зохион байгуулдаг “Global HR Forum” хүний нөөцийн менежерүүдийн зөвлөгөөн аравдугаар сарын 18-ны өдөр болов. “Эдийн засгийн хямралын үеийн хүний нөөцийн бодлого зохицуулалт, арга туршлага” сэдвээр санал бодлоо солилцсон зөвлөгөөнд 120 гаруй байгууллагын 250 орчим хүний нөөцийн менежерүүд оролцлоо. Зөвлөгөөнд Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи болон М-Си-Эс Групп, Скайтел групп, Голомт банк, Нью-Медиа групп зэрэг байгууллагын удирдлагууд оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд М-Си-Эс Группын Хүний нөөц эрхэлсэн дэд ерөнхийлөгч Л.Гантөмөр хэлсэн үгэндээ 2008-2009 оны эдийн засгийн хямралын үеийн хүний нөөцийн бодлого зохицуулалт, арга туршлагаасаа хуваалцаж ажлын байрыг тогтвортой хадгалах, гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татах, бүтэц зохион байгуулалтыг илүү оновчтой болгох бодлогыг тууштай баримталснаар хүндрэлийг амжилттай даван гарч чадсан хэмээн онцолсон юм.
2010 оноос хойш зохион байгуулж буй уг зөвлөгөөнд М-Си-Эс Группын төлөөлөл сүүлийн жилүүдэд байнга оролцож “Компанийн хүний нөөцийг бүрдүүлж, хөгжүүлэх бодлого”, “Хүний нөөцийн алба ба компанийн нийгмийн хариуцлага” сэдвээр илтгэл тавьж байв.