Хайрын хөшөө бослоо
БуцахОрчин үеийн залуусын амьдралын шинэ хэв маягийг бий болгосон “Вива Сити” хороололд хайр сэтгэлт хосуудад зориулсан зүрхэн хэлбэртэй хөшөө бослоо. М-Си-Эс Проперти компаниас санаачлан байгуулсан энэхүү хайрын хөшөөг уран барималч Б.Очирболд урласан бөгөөд 2.5 метрийн өндөртэй аж. Уг хөшөөг тойруулан “Love lock” буюу хайртай хосууд хайраа цоожлох боломжийг олгосон нь залуучуудын сонирхлыг хамгийн ихээр татаж байна. Хөшөөний нээлт Гэгээн валентины өдөр тохиож байгаагаараа мөн онцлог юм. Домогт Мандухай сэцэн хатны хөшөө бүхий хөгжимт усан оргилуур, залуу гэр бүлийн аз жаргалыг бэлгэдсэн хөшөө, цэцэрлэгтэй “Вива Сити” хороолол ийнхүү дахин нэг өвөрмөц хөшөөгөөр өнгө нэмлээ.
“Love lock” буюу хайрын цоожийн түүх нь 1890-ээд оны орчим Францын нэгэн гэр бүлд тохиолдсон сэтгэл хөдлөм түүхээс улбаатай юм. Нэгэн залуу эр хүнд өвчин туссан хайртыгаа хорвоогоос алдахгүйн тулд цоожинд хүслээ шивнэн хэзээ ч салахгүйг бэлгэдэн хашаанд түгжиж, түлхүүрийг нь хэн ч олохооргүй газарт хаяжээ. Гэтэл гэгээн хайрын хүчээр гайхамшиг тохиож удалгүй бүсгүйн бие илааршжээ. Энэ явдлаас хойш дэлхийн олон орны хос цоожинд хүслээ шивнэж хайраа түгжих уламжлал дэлгэрсэн байна. Тэдгээрээс Германы Кёльн, Хятадын Хуаншэнь уул, Оросын Москва, Солонгосын Сөүл зэрэг хот “Love lock”-т зориулсан газраараа алдаршжээ.