УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл “Интермед” эмнэлгийн төслийн явцтай танилцлаа
Буцах

  2013.09.25

Манай улсын иргэдийн гадаадад эмчилгээнд явах урсгалыг сааруулахын тулд олон улсын жишигт нийцсэн, өндөр хүчин чадал бүхий эмнэлэг байгуулах зорилготой “Интернэйшнл Медикал Сентер” компанийн “Интермед” эмнэлгийн төслийн явцтай УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, М.Батчимэг, С.Одонтуяа нар 9-р сарын 23-ны өдөр газар дээр нь танилцлаа. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ энэ үеэр төслийн захирал Т.Болормаагаас, эмнэлгийн барилгын явцад болон бүрэн ашиглалтанд оруулахад ямар бэрхшээл тулгарч байгааг тодруулсан юм. Төслийн захирал Т.Болормаа хэлэхдээ, эмнэлэгт хэрэглэх нийт 800 төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнээс 300 нь манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүйн улмаас, мөн 1200 гаруй тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэх болон үйлчилгээнд ашиглахад бэрхшээлтэй байгаа гэлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, “Интермед” эмнэлэг нь олон улсын эмнэлгийн стандартын дагуу баригдаж байгаа, мөн үндэсний мөнгөн тэмдэгтээр Азийн хөгжилтэй орнуудын томоохон эмнэлгийн үйлчилгээг эндээс авах боломжтой болсныг сайшаагаад,  эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хувийн эмнэлгүүдэд түлхүү хэрэгжүүлж, иргэдэд ялгаваргүйгээр чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгааг онцоллоо. Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг, Олон улсын эмнэлгийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлж, энэ стандартанд нийцсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчинг БНСУ-д тусгайлан сургаж хөрөнгө оруулж байгаад талархсан юм. Эмэгтэй гишүүд цаашид эмнэлэг барих болон эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн эрх зүйн орчинг сайжруулах талаар анхаарч ажиллана гэв.

Нийгэмд чиглэсэн “Интермед” эмнэлгийн төсөлд үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс, Шунхлай компаниуд 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд төслийн хамгийн гол өгөөж нь манай иргэд эмчилгээ хийлгэхийн тулд гадаад орныг зорьж, ихээхэн зардал, чирэгдэл, эрсдэл гаргалгүйгээр мэргэжлийн өндөр ур чадвартай туршлагатай эмч, мэргэжилтнүүдийн болон орчин үеийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн цогц үйлчилгээг эх орондоо авахад оршиж байгаа юм. Ингэснээр улсын хэмжээнд эмчилж, оношилж чадахгүй байгаа 24 нэр төрлийн өвчний 7-8 чиглэлийг бие даан оношлох, эмчлэх хүчин чадалтай техник тоног төхөөрөмжтэй эмнэлэг байгуулагдахаас гадна өвчтөний аюулгүй байдал үйлчилгээний шаардлагыг хангасан олон улсын эрүүл мэндийн дэд бүтэцтэй болох юм.