Орчлон сургууль, цэцэрлэг ISO 9001:2015 стандартыг бүрэн нэвтрүүлсэн боловсролын салбарын анхдагч байгууллага боллоо
Буцах

  2018.03.27

Орчлон  сургууль цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллага олон улсын ISO 9001:2015 стандартыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт анхлан хэрэгжүүлжээ. Олон улсын UKAS байгууллагын итгэмжлэл бүхий Швейцарийн “SGS” баталгаажуулалтын компанийн төлөөлөл хүрэлцэн ирж, чанарын стандартын гэрчилгээг гардуулах үйл ажиллагаа тус сургуулийн Хан-Уул дүүрэг дэх салбарт боллоо. Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газар, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, “SGS” компанийн удирдлага, Орчлон сургуулийн менежментийн баг, багш нар болон тус сургуулийн эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “SGS” компанийн захирал Cliff Zheng хэлэхдээ,“ISO 9001:2015 стандартыг зөвхөн сургалтын тогтолцоонд бус сургууль, цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоонд бүрэн утгаар нь цогц нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа Монгол дахь анхны боловсролын байгууллага бол Орчлон сургууль юм” хэмээн онцоллоо. “SGS” олон улсын баталгаажуулалтын байгууллага нь 1878 онд байгуулагдсан Швейцарьт төвтэй дэлхийн 148 оронд баталгаажуулалт хийдэг томоохон байгууллага юм.

Тус сургуулийн Ерөнхий захирал Д.Батмөнх үг хэлэхдээ, “Бид анх л сургуулиа байгуулахдаа үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн, сэтгэл зүй, оюуны, үйлийн таатай орчин бүрдсэн, дэлхийн боловсролыг Монголдоо эзэмших бүрэн боломжийг бүрдүүлсэн тийм л сургууль байх болно гэж зорьсон. ISO хэрэгжүүлнэ, нэвтрүүлнэ, баталгаажуулна гэдэг зөвхөн үүнд чиглээд тодорхой хугацаанд шинээр хийх ажил биш харин байнгын тогтмолжсон үйл ажиллагаагаа улам чанаржуулах, системчлэх, стандартчилах юм байна. Бидний хийж ирсэн бүх ажил, зорьж хэрэгжүүлсэн зорилго маань эл гольдролоор явж ирсэн” хэмээсэн юм.

Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллага нь бүрэн дунд боловсрол олгох Монголын үндэсний болон Кембрижийн хөтөлбөр, сургуулийн өмнөх боловсрол олгох Монтессори хөтөлбөрөөр хичээллэдэг бөгөөд хос хэлтэй сургуулийн загвар болж, үндэсний боловсролын суурийг олон улсын боловсролын шилдэг технологи, арга зүйгээр баяжуулан амжилттай хэрэгжүүлж иржээ. Түүнээс гадна сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын зөв өсөлтийг дэмжсэн сурагчийн дүрэмт хувцас, эцэг эхийн цагийг хэмнэсэн нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдолыг багасгахад бага ч гэсэн хувь нэмэртэй сурагчийн автобусны үйлчилгээ гээд сургалтыг дэмжих бүх үйлчилгээ, үйл ажиллагаагаараа уг стандартыг хангаж байна.