М-Си-Эс Электроникс компанийг менежментийн баг нь хөнгөлөлттэй нөхцлөөр худалдаж авлаа
БуцахМ-Си-Эс Групп нь хөгжлийн бодлого, стратегийнхаа хүрээнд томоохон хөрөнгө оруулалт, хүчин чармайлт шаардсан тодорхой чиглэлийн бизнесүүд дээр төвлөрч, олон улсын түвшинд хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус группын бизнес хөгжлийн стратегийн салбарууд болох инженеринг дэд бүтэц, харилцаа холбоо, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа зэрэгт голлон төвлөрч бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй охин компаниудыг олон жил амжилттай удирдан ажилласан удирдлагуудад нь хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах процесс сүүлийн 5 жилийн хугацаанд явагдаж байгаа юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд группын бүрэлдэхүүнээс Интерпресс, Медимпекс, Анун, Грандхаан Айриш Паб компаниуд бие даан гарчээ. Хамгийн сүүлд 5-р сарын 1-нээс М-Си-Эс Электроникс компанийг олон жил удирдсан менежментийн баг нь хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авав. Ингэснээр 16 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, салбартаа тэргүүлэгч, гадаад, дотоодын олон харилцагчтай М-Си-Эс Электроникс компани нь цаашдаа IT Zone ХХК нэртэйгээр бие даан үйл ажиллагаа явуулах болж байна. Энэ нь Монгол улсад “Management Buy-Out” хэмээх компанийн хөгжлийн шинэ хандлагыг анхлан нэвтрүүлж улмаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг дэмжих ач холбогдолтой юм.