М-Си-Эс Интернэйшл компани 20 жилийн ойгоо тэмдэглэв
БуцахЭрчим хүчний салбарын ууган компаниудын нэг М-Си-Эс Интернэйшнл ХХК 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20 жилийн ойн баяраа үе үеийн ажиллагсад, хамтран ажилладаг байгууллага, харилцагчидтайгаа тэмдэглэн өнгөрүүллээ.
1993 онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн М-Си-Эс Интернэйшнл компани өдгөө дулааны цахилгаан станц болон цахилгаан дамжуулах агаарын шугам барих, цахилгаан дулаан үйлдвэрлэх, цахилгаан дамжуулах, хангах зэрэг олон чиглэлээр инженеринг, дэд бүтцийн салбартаа тэргүүлэгч, бүтээн байгуулагч үндэсний хэмжээний компани болон өсч хөгжжээ. Тус компанийн хамт олон 20 жилийн ойгоо угтан Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын 400 гаруй км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн ажлыг амжилттай дуусгаж 11 дүгээр сарын 11-ний 1 дэх өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Энэхүү төсөлд М-Си-Эс Интернэйшнл компани зураг төсөл хийхээс эхлээд урьдчилан санхүүжилтээр угсралтыг дуусгаж хүлээлгэж өгөх хүртэлх бүхий л ажлыг удирдлага, менежментээр хангаж ажилласан бөгөөд монголчуудын бие даан гардан гүйцэтгэсэн анхны 220 кВ-ын шугам болсон билээ. Түүнчлэн энэхүү Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн шугам нь Монголын эрчим хүчийг гадаад зах зээлд гаргах гарцыг нэмж, Орос- Хятадын эрчим хүчийг холбосон олон улсын ач холбогдолтойгоороо онцлог юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус компанийн 200 гаруй инженер, нийт 400 гаруй ажиллагсдын хүч хөдөлмөрөөр 1700-аад км цахилгаан дамжуулах, түгээх агаарын шугам барьж байгуулан, 20 гаруй дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгчээ. Тухайлбал, Булган – Мөрөн, Арвайхээр – Баянтээг – Баянхонгорын 110 кВ-ын шугам, дэд станцуудыг тус тус барьж ашиглалтад оруулснаар Хөвсгөл аймаг болон Баянхонгор аймгуудын төв болон сумдын хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчнээс найдвартай цахилгаанаар хангах боломжтой болсон юм. Түүнчлэн Энержи Ресурс компанийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Ухаа Худагийн 18 МВт-ын цахилгаан станцыг Монгол инженерүүдийн оюун ухаан, дотоодын компаниудын хамтын хүчээр барьж, өөрсдөө ашиглалтын үйл ажиллагааг эрхлэн, Ухаа худагийн коксжих нүүрсний уурхай, Баяжуулах үйлдвэр болон тухайн бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай ханган ажиллаж буй.
Цаашид систем хооронд холбосон илүү өндөр хүчдэлийн томоохон шугамууд болон улс орны хөгжлийн зайлшгүй хэрэгцээг хангах том чадлын цахилгаан станцуудыг барьж байгуулан дотооддоо эрчим хүчнийхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангадаг болохын төлөө эрчим хүчний салбарын зорилго нэгт мэргэжилтнүүдтэйгээ чармайн ажиллаж байна.