Интермед эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв
Буцах

  2015.05.08

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадагшаа чиглэсэн урсгалыг багасгаж, эх орондоо эмчлүүлэх боломжийг Монголчууддаа олгох зорилготой “United Family Intermed Hospital” эмнэлэг байгуулагдаад нэг жил болж байна. Өнгөрсөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр үүдээ нээж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авч байсан тус эмнэлэг энэхүү тэмдэглэлт өдрөө угтан “Эрүүл ирээдүйн төлөө” аян зарлаж, олон ажил, хөтөлбөр санаачилжээ. Юуны түрүүнд эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан 04 дүгээр сарын 20-ноос 07 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд эмэгтэйчүүдийн багц шинжилгээ, зүрх судасны болон бүрэн багц шинжилгээ, хоол боловсруулах багц шинжилгээнүүдийг 20 хувь, ор хоногийн төлбөрт үйлчилгээнд 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа аж.

Түүнчлэн аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа өөр нэгэн томоохон ажил нь нийгэмд чиглэсэн сайн үйлс бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулсан байна. “Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Сургалтын Үндэсний Төв” болон Хан-Уул дүүргийн Нийгмийн Хөгжлийн Албатай  хамтран хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй 40 гаруй хүнд мэдрэл, зүрх судас, уушги, бөөр, мэс засал, сэргээн засахын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, шаардлагатай цус, шээс, нүдний шинжилгээнд хамруулснаас гадна цооролтын шархны эмчилгээ, боолт зэргээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ.

“Интермед” эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтын хувьд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, лифт, босгогүй хаалга, угаалгын өрөө зэргийг оновчтой шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бий болгохыг зорьсон.

Цаашид “Эрүүл ирээдүйн төлөө” аян Хан-Уул дүүргийнхээ эмзэг бүлгийн хүүхэд багачуудад дэмжлэг үзүүлэх, “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран “Дусал Цус Амьдрал Бэлэглэнэ” уриатай цусаа хандивлах өдөрлөг зохион байгуулах зэрэг сайн үйлсээр үргэлжлэх аж.