Интермед олон улсын эмнэлгийн үйл ажиллагаа эхэллээ
БуцахОлон улсын жишигт нийцсэн орчин үеийн оношилгоо, эмчилгээ бүхий Интермед эмнэлэг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэдээ үүд хаалгаа нээлээ.
Үндэсний компаниуд болох М-Си-Эс Групп, Энержи Ресурс компани, Шунхлай Групп хамтран эх орондоо чанартай, найдвартай эмнэлгийн үйлчилгээг авах боломжийг монголчууддаа бүрдүүлэх зорилготой байгуулсан Интермед эмнэлэгт мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай дотоод, гадаадын эмч, мэргэжилтнүүд, орчин үеийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм. Тус эмнэлэг нь дотор, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд зэрэг нарийн мэргэжлийн 15 чиглэлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх 90 ортой, амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм.
Өнгөрөгч 2013 онд М-Си-Эс Группын 20 жилийн ой тохиож, түүний хүрээнд нийгэмд чиглэсэн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Интермед эмнэлэг байсан бөгөөд барилга, инженерийн байгууламж, тоног төхөөрөмж, мэдээллийн систем гээд бүхий л зүйлст олон улсын эмнэлгийн жишиг дундаа өндөр босготойд тооцогддог Европ стандартыг баримталжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 100 гаруй тэрбум төгрөгт хүрч, барилгын ажлыг М-Си-Эс Проперти компани гүйцэтгэж, бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн 4000 гаруй инженер техникийн ажилтан, зөвлөх, мэргэжилтэн оролцсон юм. Интермед эмнэлэг нээгдсэнээр эрүүл мэндийн салбарт 250 гаруй ажлын байр шинээр бий болж байна.