Хөшигийн хөндийн Нарны цахилгаан станц энэ оны сүүлээр ашиглалтад орно

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК хоёр дахь удаагийн 15 МВт-ын Нарны цахилгаан станцаа Хөшигийн хөндийд барьж байна. Төв аймгийн Зуунмод хотоос 14,4 км, Улаанбаатар хотын шинэ Олон улсын нисэх буудлын баруун урд зүгт баригдаж буй төслийн хүрээнд нэгж бүр нь 320 Вт-ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ-ын дэд станц, 15 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулж байгаа юм. Төлөвлөгөөний дагуу 2018 оны арваннэгдүгээр сард станц ашиглалтад орох бөгөөд ашиглалтад орсноор жилд 22.7 сая КВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, 24 мянган тонн түүхий нүүрс, 147 мянган тонн усны хэрэглээг хэмнэх үр ашигтай. 

"Хөшигийн хөндийн 15 МВт нарны цахилгаан станц" төслийг Тайландын “Сэрмсанг пауэр”, Японы “Шарп” корпорациуд болон Монгол Улсын “Тэнүүн гэрэл констракшн” компаниудын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.