“Энтрепренер-2018”-д М-Си-Эс Группийн 5 компани шалгарлаа

by admin on Fri, Dec 21 2018 05:00:00

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дүгнэдэг “Энтрепренер-2018” шалгаруулалтад М-Си-Эс Группийн 5 компани шалгарлаа. Уг шалгаруулалтын “Оны онцлох аж ахуй нэгж” номинацид Энержи Ресурс болон М-Си-Эс Кока-Кола ХХК-иуд шалгарсан байна. Мөн М-Си-Эс Интернэйшнл ХХК Эрчим хүчний салбарын онцлох “Энтрепренер”, Интернэйшнл Медикал Сентер ХХК Эрүүл мэндийн салбарын онцлох “Энтрепренер”, Юнисервис Солюшн ХХК Үйлчилгээний салбарын онцлох “Энтрепренер”-ээр тус тус шалгарлаа.

2018 онд М-Си-Эс Групп, түүний ууган компани болох М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн 25 жил, Энержи Ресурс ХХК-ийн 10 жилийн ой тохиосонтой холбогдуулан нийгмийн хариуцлагын чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийгэмдээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувийн хэвшлээ манлайлан уриалж, хувь нэмрээ оруулж байна. М-Си-Эс Группийн компаниуд энэ онд нийт 80 орчим нийгмийн хариуцлагын ажлыг хэрэгжүүлж, нийт 1.5 тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй хандив, тусламж үзүүлээд байгаагаас хүүхэд хамгаалал, сургалт хөгжлийн “Ид шидийн орон-2” төсөл болон говийн бүсийн эмнэлгүүдийн нярайн тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийн санхүүжилт, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийн шинэчлэлт зэргийг онцолж болно. 

Ногоон эрчим хүчийг 85 МВт-аар нэмэгдүүлэх тус бүр нь 15 МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станцын хоёр төсөл, Дорноговь аймгийн Сайншанд суман дахь 55 МВт-ын хүчин чадалтай Салхин цахилгаан станцын төслүүдэд ажилласан М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн амжилт Эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой юм. М-Си-Эс Кока-Кола ХХК нь сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчидтай 2020 оныг дуустал гэрээ байгуулан цалинжуулж байна. Өнгөрсөн онд тохиосон Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын цомын аялалыг М-Си-Эс Кока-Кола ХХК Монголд анх удаа зохион байгуулсан нь Монгол Улсын спортын түүхэнд чухал үйл явдал болсон юм. Эрүүл мэндийн салбарын онцлох “Энтрепренер”-ээр шалгарсан Интермед эмнэлэг өмнө нь Монголд хийгддэггүй байсан 10 гаруй төрлийн шинжилгээг шинээр нэвтрүүлснээс гадна улсын томоохон эмнэлэг, лабораториуд тогтмол хийдэггүй 10 төрлийн шинжилгээг байнга хийж эхэлжээ.

“Энтрепренер”-ээр шалгарсан М-Си-Эс Группийн компаниуд 2018 онд салбартаа олон улсын  стандартуудыг анхлан нэвтрүүлж, олон үзүүлэлтээр дэлхийн жишигт хүрч чадсан юм. Тухайлбал, Энержи Ресурс компани олон улсын Менежментийн нэгдсэн тогтолцоо, Юнисервис Солюшн компани нь олон улсын Чанарын менежментийн тогтолцоог тус тус нэвтрүүлжээ.