Энержи Ресурс ХХК Цогтцэций суманд боловсролын цогц төсөл хэрэгжүүлж байна

by admin on Tue, Feb 26 2019 05:00:00

Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дунд сургуулийн 2,000 орчим багш, сурагчдыг хамарсан Боловсролын хөтөлбөр эхлүүллээ. Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд говийн суманд чанартай боловсрол эзэмших боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр 2012 оноос хойш үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн шинэ үе шатны хүрээнд:

  • Улаанбаатараас мэргэшсэн зөвлөх багш нарыг авчирснаар Цогтцэций сумын Ерөнхий боловсролын хоёр сургуулийн нийт багш нар ур чадвар, заах арга зүйн мэргэжлийн сургалтуудад тогтмол хамрагдана.
  • Сумын багш нар ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдаж, ажлаа бодитой үнэлүүлэх, гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулалд хамрагдах боломж нээгдэнэ.
  • Математикийн чиглэлд чадавхижсан, шинэ багш нар нэмэлтээр ажиллана.
  • Мөн сургалтын англи хэлний програм хангамж шинэчлэгдэх зэрэг ажлууд хийгдэх юм.

Цогтцэций сум одоогоор хоёр дунд сургуультай. 2013 онд Энержи Ресурс компани, Өмнөговь аймагтай хамтран “Мөрөөдөл” нэртэй сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчин үеийн цогцолборыг 9 гаруй тэрбум төгрөгөөр барьж байгуулсан байдаг. Мөн тус суманд хуучин байсан, Т.Борын нэрэмжит дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Төсөл энэхүү 2 сургуулийг хоёуланг нь хамрах бөгөөд Энержи Ресурс компанийн өмнө хэрэгжүүлж ирсэн Боловсролын төслийн шинэ үе  шат болж буйгаараа онцлог байна.

Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл

Бид Цогтцэций суманд “Мөрөөдөл” цогцолборыг барьж байгуулж өгөөд зогсолгүй, боловсрол, сургалтын менежментийг сайжруулах урт хугацааны төслийг хэрэгжүүлж ирсэн. Энэ төслийн маань шинэ үе шат ийнхүү эхэлж байгаад баяртай байна. Говийн алслагдсан суманд чанартай боловсрол эзэмших нөхцлийг бүрдүүлэхэд энэ төслийн зорилго чиглэгдэж байгаа.

Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч

Манай суманд Энержи Ресурс компани том бүтээн байгуулалтуудыг хийж, урт хугацааны том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад ч бас хөтөлбөр шинээр үргэлжлэхээр болсонд сумын багш сурагчид, нийт ард иргэд бид их баяртай байна. Хувийн хэвшил нь ийм их ажил хийж байхад сумынхан бид бас зүгээр суухгүй гэж боддог. Багш нарынхаа ур чадварыг сайжруулах, гадаад, дотоодод сургалтанд хамруулах ажлуудыг бүх боломжоороо явуулж байна. “Мөрөөдөл” сургууль байгуулагдаж, боловсролын менежментийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш сумын төгсөгчдийн чанар илт сайжрах болсон.