Энержи Ресурс компани нэг тэрбум төгрөг хандивлалаа

by admin on Tue, Dec 04 2018 05:00:00

M-Си-Эс Группийн 25 жил, Энержи Ресурс компани үйл ажиллагаагаа эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Энержи Ресурс компани нийгэмдээ чиглэсэн, урт хугацаанд бодит өгөөж өгөх ажлуудыг өрнүүлж байгаа юм. 

Тодруулбал, тус компани Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Лантуун Дохио ТББ-ын “Ид шидийн орон-2” төсөлд 740 сая төгрөг, нялхсын эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-ын “Говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах” төсөлд 370 сая төгрөг тус тус хандивласан байна. Ийнхүү үндэсний бүтээн байгуулагч компани 2018 онд нийт 1 тэрбум гаруй төгрөгийг Монголынхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсролд зориуллаа.

Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Ухаа худаг төслийг монгол залуучууд гардан хэрэгжүүлсний 10 жилийн ойг тэмдэглэхдээ бид нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад анхаарч, хувь нэмрээ оруулахаар шийдвэрлэсэн. Улмаар нийгмийн өмнө тулгамдаад буй томоохон асуудал болох хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн асуудлыг сайжруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарлан энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна" хэмээн онцолжээ.

“Ид шидийн орон-2” төслийг Баянзүрх дүүрэг, Улиастайн эцэст хэрэгжүүлэх бөгөөд нийт 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, граж болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв байгуулах юм. Харин “Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах” төслийн хүрээнд Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын хүүхдийн тасгуудыг нярайн шарлагын аппарат, инкубатор, дуслын аппарат, билиметр зэрэг нэн шаардлагатай, олдоц, хүрэлцээ муутай тоног төхөөрөмжөөр хангана.