“Скай Резорт” компанийн 10 жилийн ой энэ онд тохиож байна

by admin on Tue, Sep 25 2018 04:00:00

“Скай Резорт” цогцолбор байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. М-Си-Эс Групп, Петровис компани, Скайтел Групп хамтран 2008 онд Скай Резорт компанийг байгуулан, 2009 онд Монголд анх удаа олон улсын стандартын цанын баазыг ашиглалтад оруулсан билээ. Улмаар 2012 онд дэлхийн аваргын стандартын гольфын талбайг нээж, 2016 онд Клаб Хаус, АСЕМ гэр болон АСЕМ хотхоныг ашиглалтад оруулан аялал жуулчлалын цогц үйлчилгээ бүхий цогцолборыг бий болгоод байна. Хамгийн сүүлд компанийнхаа 10 жилийн ойг тохиолдуулан амьд зүлэгтэй олон улсын стандартын хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулж, 8 дугаар сарын 26-нд албан ёсоор нээлээ.

Скай Резорт цогцолбор нь жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 1,2 сая өвлийн амрагч, 34 мянган гольфчдод үйлчилсний зэрэгцээ эх орныхоо нэр хүндийг өргөсөн томоохон арга хэмжээг хүлээн авч зохион байгуулж иржээ.

Түүнчлэн Скай Резорт цанын бааз нь байгуулагдсан цагаасаа эхлэн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Цанын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран Монгол Улсын тамирчдын амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэхийг зорин ажиллаж, цана, гольфын 200 гаруй тэмцээнийг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байна.

“Скай Резорт” компанийн Гүйцэтгэх захирал А.Батсуурь компанийнхаа 10 жилийн ололт амжилтыг дүгнэн хэлсэн үгэндээ: Эх орондоо хайртай үндэсний компаниудын хамтын хүчээр байгалийн үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд бүтээн байгуулсан Скай резорт бол Монгол улсын зүрх болсон Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын хэв шинж рүү аваачсан, иж бүрэн төлөвлөлттэй, аялал жуулчлал, амралтын цогцолбор төв болон өргөжсөнд баяртай байна. Сайхан эх орондоо илүү ихийг бүтээхийн төлөө бид тэмүүлсээр байх болно” хэмээсэн юм.