М-Си-Эс Групп нэгтгэсэн дүнгээр ТОП-3 татвар төлөгчид багтлаа

by admin on Fri, May 17 2019 04:00:00

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны ТОП 150 ААН-ийг шалгарууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх хувь нэмэр оруулж буй ТОП аж ахуй нэгжүүдийн жагсаалтад М-Си-Эс Группээс Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, Юнивишн, Тотал Дистрибюшн, М-Си-Эс Проперти болон Юнисервис Солюшн, Анунгоо, Шангрила-Улаанбаатар Хотел компаниуд эрэмбэлэгдлээ.

2018 онд М-Си-Эс Группийн компаниуд нэгтгэсэн дүнгээр улсын төсөвт нийт 339 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ урьдын адил хувийн хэвшилээ манлайлж Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой компанийн дараа орох амжилтыг үзүүлж, Монгол Улсын ТОП 3 татвар төлөгчид багтаж байна. Түүнчлэн 1.6 их наяд төгрөгийн худалдан авалт, үүнээс дотоодын 3000 орчим ААН, хувь хүнээс 972 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авчээ. Ажлын байраа тогтвортой хадгалах бодлогыг тууштай баримталж, 2018 онд 1000 орчим ажлын байр шинээр бий болгож, 9000 үндсэн ажилтантай болоод байна.

Өнгөрсөн онд Группийн компаниуд эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тэдгээрээс онцолбол,

М-Си-Эс Интернэйшнл компани Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг 85 МВт-аар нэмэгдүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд гардан оролцжээ. Тодруулбал, Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын нарны цахилгаан станц, Сайншанд салхин парк 55 МВт-ын салхин цахилгаан станц, Хөшигийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станц зэрэг төслүүдийг гүйцэтгэж, улмаар Монгол Улсын Эрчим хүчний салбарын “Шилдэг хувийн хэвшлийн байгууллага”-аар шалгарсан юм.

М-Си-Эс Проперти компани "Оюу толгойн гүний уурхайн чухал барилга байгууламж" төсөлд гүйцэтгэгчээр оролцож одоогоор 3 сая хүн/цаг аюул осолгүй ажиллаад байгаа нь салбарын онцлох үйл явдалд тооцогдож байна. Уг төслийн гүйцэтгэлээрээ тус компани Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны "Civil Engineering Project Award" номинацид шилдгээр шалгарсан билээ.

Тотал дистрибюшн компани Монгол улс даяар 16 салбар, 12 гэрээт борлуулагчдаар дамжуулан орон нутгийн иргэдэд чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүргэн ажиллаж байна. 2018 онд Дархан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудад нийт 4500 м2 талбай бүхий сүүлийн үеийн агуулахуудыг 6,7 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутагт ажлын байр нэмэгдүүллээ.

ТОП 150 ААН-ийг өнгөрсөн жилүүдэд компанийн төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр шалгаруулдаг байсан бол энэ жилээс компанийн нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дүгнэж эхэлжээ. М-Си-Эс Групп нь 2018 онд 25 жилийн ойгоо тохиолдуулан “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, таван жилийн хугацаанд 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгон түүх, соёлын дурсгалт өвүүдийн хадгалалт, хамгаалалт, дахин сэргээх ажлыг хийж байна.

Энержи Ресурс компани 2018 онд “Ид шидийн орон-2”, Говийн бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, “Говийн таван гайхамшиг” зэрэг төслийг 1,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн ажиллаж байгаа нь нийгмийн хариуцлагын тэргүүлэх жишээ болсон юм. Энэ ч утгаараа 11 дэх удаагийн Global CSR Summit & Awards буюу Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтаас ТОП шагналыг хүртээд байна.

М-Си-Эс Интернэйшнл компани 25 жилийнхээ ойг тохиолдуулан ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг дэлхийн боловсролын стандартад нийцүүлэн 50 сая төгрөгөөр засч тохижуулжээ.

М-Си-Эс Кока-Кола компани 2006 оноос спортын хөгжлийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн сагсан бөмбөгийн спортод оруулсан билээ. 2018 онд Дэлхийн 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг гаргаж, багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн үндэсний шигшээ багийн хамт олныг 20 сая төгрөгөөр урамшуулж, Монголын хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн хорхойтнуудыг Дэлхийн аваргын цомтой танилцуулах “Трофи тур”-ыг Улаанбаатар хотод зохион байгуулсан байна.