АмЧамын уулзалт боллоо
Буцах

  2017.03.09

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) санаачлан бизнесийн манлайлагчидтай “Хувийн хэвшлийн манлайлагчдын Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон 2017 оны төлөв байдалд өгөх үнэлэлт дүгнэлт” хэлэлцүүлэг уулзалтыг 2017 оны 3-р сарын 7-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг уулзалтад М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж. Од, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж. Оюунгэрэл, Вагнер Ази группийн гүйцэтгэх захирал Стив Поттер болон Олон Улсын Санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Нгүен нар зочин илтгэгчээр оролцлоо.

М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Од хэлэлцүүлгийг эхлүүлж хэлэхдээ “2017 он Монгол Улсад эдийн засгаа төрөлжүүлж, бодлогын зөв шийдвэрүүдийг гаргаж, бүс нутгийн хэмжээнд нээлттэй бас таатай хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх замаар бодит эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох боломжийг олгож байна” гэв. 

АмЧам-ийн гишүүд болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцсон уг уулзалтад зочин илтгэгчид Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвийг бизнесийн хүрээнд авч үзэж хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хөгжил, мега төслүүдийн явц, тэдгээрийн санхүүжилтийн талаарх санал бодлоо хуваалцлаа. Мөн эдийн засгийн төрөлжүүлэлт, хууль эрх зүйн тогтвортой орчин, ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, түүний хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцлээ.