2020 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэг Чойжин ламын сүм музейн Watch Day өдөрлөг
Буцах

  2020.03.01
...

“Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын төслийн багаас World Monuments Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж, 2020 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгосон билээ. World Monuments Watch 2020 хөтөлбөрт шалгарсан 22 улсын 25 дурсгалт газрууд нь хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй юм.

https://www.wmf.org/2020Watch

Эдгээрийн адил Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдээд байгаа билээ.

https://www.wmf.org/project/choijin-lama-temple

Соёлын өвийг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Урлагийн Зөвлөл, Чойжин ламын сүм музей нь Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран World Monuments Watch 2020 хөтөлбөрийн хүрээнд “Watch Day” өдөрлөгийг цахим орчинд 2020 оны 5 дугаар сарын 17-нд зохион байгуулах гэж байна.

https://www.wmf.org/watch-day

Энэхүү арга хэмжээ нь олон улсын хандивлагч нарт Чойжин ламын сүм музейг цахим орчинд сурталчлан таниулах замаар сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төсөлд дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн зөвлөмж туслалцаа авахад түлхэц болох юм.

“Watch Day” өдөрлөгийн  хөтөлбөр:

  • Сүм хийдийн барилга архитектур сэдэвт онлайн тайлбарт аялал
  • Цаасан шуумалаар цамын маск урлах цахим сургалт
  • Чойжин ламын сүмд байсан ч хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсон чулуун дурсгал, сүмийн барилгыг виртуал орчинд сэргээн босгосон AR үзмэрийн нээлт
  • “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн 888 мод тарих ажил
  • Архивын гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын Урлагийн Зөвлөл нь 2020 онд музейн эдэлбэр газарт буюу хэрмэн хашаанаас 7350 мкв талбайд 3500 мкв ногоон байгууламж, 1100 мкв явган хүний боржин чулуун зам, 50 машины авто зогсоолыг М-Си-Эс Группийн “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр шинээр байгуулж буй бөгөөд музейн хандивлагч дэмжигчдийг 5 дугаар сарын 17-25 нд 888 мод бут тарих үйлсэд оролцуулж байгааг дуулгахад таатай байна.

Төрийн сахиусны өргөө 112 жилийн түүхтэй Чойжин ламын сүмийн барилгыг сэргээн засварлах, музейн үзэгчдэд тав тухтай орчныг бүрдүүлж, соёлын өвөө хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулахыг байгууллага хүн бүхэнд уриалан сошиал медиа сувгаар дараах түлхүүр үгсийг дурдан Монголынхоо соёлын дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд түгээн бидэнтэй хамтран ажиллахыг төслийн баг хамт олны зүгээс уриалж байна.