“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна
Буцах

  2020.09.04
...

Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг М-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, хамтрагчаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүд ажилласан юм.

“Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • Занабазарын музей ба Чойжин ламын сүм музейн Augmented reality AR дижитал үзмэр бүтээж өгч, ухаалаг нүдний шил ба Android, iOS таблетаар үзэх боломжтой болсон.
  • Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөлийг 2019 онд хэрэгжүүлсэн.
  • “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сургалтыг АНУ-ын мэргэжилтэн Стивен Келли 14 хоног зохион байгуулж, Монголын 30 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан.
  • Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг 2019 онд Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн.
  • Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө /CMP/-г АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019-20 онд боловсруулсан.
  • Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан.
  • Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулж сэргээн засварлахад бэлэн болгосон.
  • “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-аас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлахаар болсон

МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров “Чойжин ламын сүм музейн төсөл нь хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад бодитой хувь нэмэр оруулах, цаашлаад гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сайн жишиг тогтоож байгаагийн тод илрэл боллоо” гэж төслийн ач холбогдлыг үнэлжээ.