“ASEM Village” хотхон Олон улсын үл хөдлөх хөрөнгийн шагнал хүртлээ
Буцах

  2016.05.03

Скай Резорт компанийн захиалгаар М-Си-Эс Проперти компанийн хэрэгжүүлж буй “ASEM Village” төсөл “International Property Awards 2016” шалгаруулалтаас “Шилдэг, шинэ орон сууцны бүтээн байгуулалт” номинациар шагнал хүртжээ.

1995 оноос эхлэн дэлхийн шилдэг үл хөдлөх хөрөнгийг сонгон тодруулсан “International Property Awards” шалгаруулалтанд жил бүр 150 гаруй орны 300 орчим төсөл өрсөлддөг байна. Жил бүр зохион байгуулагддаг уг шалгаруулалт нь улс орнуудаас ирсэн төслүүдийг Африк, Ази Номхон далай, Араб, Канад, Төв болон Өмнөд Америк, Европ, Их Британи, АНУ гэсэн бүсчлэлд хуваан оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

2016 оны шалгаруулалт Малайзын Куала Лампур хотод 4-р сарын 7-8-ны өдрүүдэд болж Ази Номхон далайн орнуудын үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын шилдэг төслийг тодруулснаар ёслол эхэлжээ. Шагналын салхийг хагалсан “ASEM Village” төсөл нь Улаанбаатар хотод энэ оны 7-р сард зохиогдох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтанд уригдсан дэлхийн 53 орны төр, засгийн тэргүүн болон төлөөлөгчдийг аюулгүй, тав тухтай орчинд байрлуулах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр баригдсан хотхон юм. Ингэхдээ манай оронд анх удаа зохион байгуулагдах, Монгол улсын нэр хүндийг олон улсад өргөх АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалтанд бэлтгэх төрийн ачааг хөнгөлөх, төсвөөс санхүүжилт гаргалгүйгээр хотхоныг барьж байгуулах сайн санааны зорилгыг хувийн хэвшил эрхэм болгожээ. Энэ үүднээс хэдийгээр хямрал нүүрлэсэн ч төслийн захиалагч Скай Резорт компани эрсдэлээ бүрэн даан, арилжааны банкнаас зээл авч санхүүжилтээ босгож ажиллажээ. Энэхүү бүтээн байгуулалтанд М-Си-Эс Проперти компанийн 156 инженер, техникийн ажилтан, дотоодын туслан гүйцэтгэгч 236 компанийн нийт 1700 орчим хүн оролцож, 53 хаус, клуб хаус үйлчилгээний цогцолбор бүхий хотхоныг харьцангуй богино хугацаанд чанартай барьж байгуулсан байна.

Хотхонд үндэсний соёлын элемент, эко болон дэвшилтэд технологийн шийдлүүдээс ашиглаж сэргээгдэх эрчим хүчний ба газрын гүний дулааны системийг нэвтрүүлснээс гадна барилгын дулааны эрчим хүчний зарцуулалтыг хэмнэн хүн байгаа эсэхийг мэдэрч автоматаар тохирч унтарч асдаг, агаарын чийгшлийг хэмждэг ухаалаг төхөөрөмж суурилуулсан нь шинэлэг зүйл болжээ.