М-Си-Эс групп Нийгмийн Хариуцлагын Бодлого

Баримтлах зарчим

Компанийн Нийгмийн Хариуцлага гэж юу вэ?

Бизнес нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчирдаггүй, мөн хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа нээлттэй тодорхойлсон, ил тод үйл ажиллагаа бүхий компанийг нийгмийн хариуцлагатай компани гэдэг. Ийм компанийн үйл ажиллагаа өөрийн байгууллагад баялгийг бүтээн бий болгохын хамтаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөд ч бодитой хувь нэмэр оруулж байдаг юм.

Компанийн нийгмийн хариуцлагыг их олон янзаар тодорхойлдог ч яг цав, ягшмал ойлголт байдаггүй. Тэгсэн хэдий ч “пүүсүүд хууль, эрх зүй, албан журмаар ногдсон заавал биелүүлэх үүргээсээ илүү өндөр түвшинд нийгмийн сайн сайхны төлөө сайн дураараа явуулах үйл ажиллагаа юм” гэдэг дээр санал нэгддэг бөгөөд энэ нь компанийн нийгмийн хариуцлагын гол цөм болдог.

Засгийн газрын хувьд хариуцлагатай бизнесийн салбар улс үндэстний өрсөлдөх чадварыг сайжруулж, давуу талуудыг бий болгоно хэмээн үздэг.

        Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж ажлын байр олноор бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага билээ.

        Монголын хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч М-Си-Эс Группт эдүгээ хөдөлмөрийн бүх насны, янз бүрийн боловсролтой, ажил мэргэжил, амьдралын түвшин өөр өөр найман мянга орчим ажиллагсад хөдөлмөрлөж байна. Энэ байдал нь бидэнд нийгэмд тулгамдсан асуудал, хүмүүст тохиолдож буй бэрхшээлүүдийг илүү ойр мэдрэх, нийгмийн хариуцлагын хүрээнд нүдээ олсон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг олгодог юм. Групп нь ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж ирсэн бөгөөд үүний үр дүнд 2012-2013 онд 750 гаруй залуус хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болжээ.

        Түүнчлэн бид Группийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, тэднээс бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү худалдаж авахыг эрхэмлэн ажиллаж ирсэн билээ. Зөвхөн 2012 онд үндэсний 2000 орчим компаниас 900 гаруй тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ авснаар 20 000 гаруй дам ажлын байр бий болгосон тооцоо бий.

        М-Си-Эс Группийн зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж хэзээд хатуу ойлгож ирсэн бөгөөд энэ бахархалтай үзүүлэлтээр хувийн хэвшлийг олон жил манлайлж байна. Группийн улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэлийн хуримтлалын дүнг нийгмийн сайн сайхны төлөөх олон үйлсэд хуваарилах боломжтой. Тухайлбал, 2012 оны татвар, шимтгэлийн дүнгээр манай улсын ерөнхий боловсролын сургуулийн нийт 44 мянган багшийн 1 жилийн цалинг олгох боломжтой юм. 

        Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлж, юуны өмнө нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийлгэн олон улсын орчин үеийн стандартад нийцсэн техник, технологийг оруулж ирж, чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирлээ.

Нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж, ивээн тэтгэлэг нь нийгэм, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж үздэг бөгөөд оюутан залуусын боловсролыг дэмжих, үндэсний болон орчин үеийн соёл урлаг, спортыг хөгжүүлэх, өнчин хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлэгт туслахад илүүтэй чиглэж байна.

        М-Си-Эс Групп нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд бизнесийн ирээдүйтэй бодлого баримталж, зах зээл дэх байр сууриа бататгасан тогтвортой далайцтай үйл ажиллагаа явуулсны үр дүнд үндэсний хэмжээний томоохон компани болон өргөжин хөгжихдөө хөрөнгө оруулалтын улс орон, хүмүүст өгөх үр өгөөжийг эн тэргүүнд тавьж, нийгмийн ач холбогдол нь үнэхээр өндөр байвал төслийн хэрэгжилтийн дараах хөрөнгө оруулалтын нөхөгдөх хугацааг хойшлуулж эрсдэл, эдийн засгийн алдагдлыг компани өөр дээрээ авч ажиллаж иржээ. Тухайлбал, залуучуудад зориулсан орчин үеийн шийдэл, тохижилттой, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий 1 600 өрхийн орон сууцны хороолол, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын төлөө 70 000 гаруй айлд суурилуулсан бүрэн шаталтат зуухны төсөл, гадаадад явж эмчлүүлдэг иргэдийн урсгалыг бууруулах зорилготой олон улсын стандартын эмчилгээ, оношилгооны төв, олон улсын жишигт хүрсэн сургууль, цэцэрлэг мөн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай олон улсын таван одтой зочид буудал, хурлын цогцолбор, цанын бааз зэрэг нийгмийн төслүүдийг нэрлэж болно. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа Худаг аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд орон сууцны хороолол, сургууль цэцэрлэгийн цогцолбор зэрэг хөдөө орон нутгийг хөгжүүлэх, хот руу чиглэсэн хүн амын төвлөрлийг сааруулахад хувь нэмрээ оруулах зөөлөн дэд бүтцийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийж байна. 

      Бид, үндэсний компаниуд нь иргэдээ манлайлан дагуулж үсрэнгүй хөгжилд хүрсэн бусад орны туршлагаар Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоож монголчууд хамтдаа сайн сайхан амьдрахын төлөө зорьж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.