Уурхай

Энержи Ресурс компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа Худаг коксжих нүүрсний уурхайд 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нүүрсний ил олборлолтын аргыг ашигладаг. Тус уурхай нь хүчин чадал болон үйл ажиллагааны цар хүрээгээр Монголын нүүрсний салбарт тэргүүлэх уурхай гэж тооцогдох бөгөөд техникийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдэж чадсанаар орчин үеийн аж үйлдвэрийн цогцолбор болон хөгжиж байгаа юм. Үйл ажиллагаа эхлүүлсэн эхний жил буюу 2009 онд Ухаа Худаг уурхайгаас 1.8 сая тонн, 2010 онд 3.9 сая тонн нүүрс тус тус олборлосон бол 2011 онд олборлолтын хэмжээг 7.1 сая тонн, 2012 онд 8.6 сая тоннд тус тус хүргэсэн. Үйл ажиллагааны энэхүү далайцтай өргөжилтийн хажуугаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогод онцгой анхаарал хандуулж, 2012 онд 1,000,000 цаг ажиллахад гарсан хөдөлмөрийн чадвар түр алдалт /LTIFR/-ын үзүүлэлт 0.75-д хүрсэн. Энэ нь уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэгч Австралийн Queensland мужийн LTIFR буюу олон улсын дунджаас бага гэдэг утгаараа маш чухалд тооцогдох үзүүлэлт юм.  
 
Уурхайгаас олборлосон нүүрсийг үндэсний ба олон улсын стандартын дагуу техникийн, элементийн болон коксжих чанарын үзүүлэлтүүдээр шинжилж байна. Уурхайн лаборатори жилдээ 15,000 орчим дээжид бүрэн шинжилгээ хийх орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өндөр түвшинд бэлтгэгдсэн, мэргэжлийн боловсон хүчний бааз суурьтай болсон.
 
Тус уурхайд нэг ээлжиндээ 4-6 ширхэг САТ 793 автосамосвалын засвар үйлчилгээг хийх хүчин чадалтай, агуулах, үйлчилгээ, оффисын нэмэлт талбай, тосолгооны нэгдсэн систем бүхий 2 засварын төв ажилладаг.  Мөн уурхайд дэлхийд алдартай Caterpillar, Liebherr брэндийн хүчин чадал сайтай, өртөг, бүтээмж өндөртэй, орчин үеийн техник төхөөрөмжүүдийг ашиглаж байна.
 

- + Text Size share print