Скай Резорт цогцолбор

Ашиглалтад орсон хугацаа 2009 оны 11 сар
Хүчин чадал Цанын бааз нэг дор 1300 хүнд, өдөрт 4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай.
Түүнчлэн олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбай, клабхаус өдөрт 180 хүртэлх гольфчид тоглох хүчин чадалтай.
Хөрөнгө оруулалтын дүн 46.3 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Нийслэлчүүдийг өвлийн улиралд утаагүй эрүүл орчинд чөлөөт цагаа идэвхтэй амарч өнгөрүүлэх, өвлийн спортын баг тамирчдыг дэмжих, хязгаарлагдмал өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа олон улсын стандартын цанын баазыг нээсэн.

Мөн дэлхийн жишигт нийцсэн гольфын талбайгаар дамжуулан Монгол Улсыг олон улсын өндөр зэрэглэлийн сегментэд таниулах, гольфын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих зорилготой.

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Нийгмийн сайн сайхны төлөөх энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд залуучууд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо өвлийн улиралд чөлөөт цагаа идэвхитэй амарч өнгөрөөдөг орчин үеийн стандартыг хангасан уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай цогцолбор болж чаджээ. Уг төслийг хийж гүйцэтгэхэд дотоодын 144 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажилласан юм.     

Өнгөрсөн хугацаанд нийт 181,000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн төдийгүй 6500 гаруй анхлан гулгагчийг цанаар гулгуулж сургасан байна.

Нийслэлийн 50 гаруй их дээд болон дунд сургууль оюутан, сурагчдын хөтөлбөрт хамрагдсан ба 1236 аж ахуйн нэгж, байгууллага цэвэр агаарт, согтууруулах ундаагүй орчинд байгууллагын цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Скай Резорт цанын бааз нь байгуулагдсан цагаасаа эхлэн БТСГ /хуучнаар/, МҮОХ, Монголын цанын холбоотой хамтран "Сочи-2014" хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын тамирчдын амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэхийг зорин ажиллаж ирсэн.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн эхнээсээ гарч манай тамирчид Казакстаны Астана хотод болсон Азийн спортын наадмаас анх удаа 8 хүрэл медаль, АНУ-ын Солт Лейк хотод цана, тэшүүрийн тамирчдын паралимпийн эрхийн оноо олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Түүнчлэн тус баазад Монголын оюутны “Универсиад III” наадам, насанд хүрэгчдийн гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн, “Sky Resort Open” нээлттэй тэмцээн зэрэг улсын хэмжээний томоохон уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

- + Text Size share print