Авто зам

Ашиглалтад орсон хугацаа 2011 оны 10 сар
Хүчин чадал 100 хүртэлх тоннын хүнд даацын автомашинууд зорчих үйлдвэрлэлийн зориулалттай 245 км хатуу хучилттай авто зам
Хөрөнгө оруулалтын дүн 160 тэрбум төгрөг

Төслийн зорилго

Тавантолгойн бүсээс Гашуун сухайтын хилийн боомт хүртэл ачаа тээвэрлэлтийг зохистой, үр ашигтай, аюулгүй байдлаар хангах, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах.

 

Төслийн ач холбогдол, нийгэм эдийн засагт оруулсан үр ашиг

Шинэ авто зам ашиглалтад орсноор уурхайн тээвэрлэлтийн хүчин чадал, бүтээмж нэмэгдэх боломж бүрдсэнээс гадна хайрган хучилттай зам ашигласнаас үүдэлтэй тоосжилтыг бууруулж, нутгийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад бодитой хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн 100 хүртэлх тоннын даацтай автомашин зорчих боломжтой нүүрс тээврийн хатуу хучилттай замыг дотоодын нөөц бололцоогоор барьж байсан туршлага манай улсад байгаагүй гэдэг утгаараа энэхүү авто зам онцгой ач холбогдолтой юм.

 

Ашигласан дэвшилтэт техник, технологи

Говь нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй энэхүү авто замын барилгын ажилд дотоодын барилгын салбарт өндөр нэр хүнд бүхий 7 үндсэн гүйцэтгэгч компани, Монголын нэртэй инженер, техникийн ажилтнууд хамтаар оролцсон бөгөөд үйлдвэрлэлийн зориулалттай 245 км хатуу хучилттай замыг орчин үеийн хамгийн дэвшилтэт технологиор маш богино хугацаанд барьж гүйцэтгэснээрээ онцлог юм. Түүнчлэн энэхүү зам нь шалган нэвтрүүлэх цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг явуут дунд нь жинлэх, бүртгэл мэдээллийг хөтлөх, зам ашигласны төлбөр хураамжийг автоматаар гүйцэтгэх нэгдсэн системтэй бөгөөд Монголд өмнө нь хэрэгжиж байгаагүй, мэдээллийн технологийн цоо шинэ дэвшилтэт шийдлийг ашигласан. Ингэснээр тээврийн хэрэгслүүд болон түүнийг жолоодож яваа ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах олон талын чухал ач холбогдолтой систем болж чадсан.

- + Text Size share print