Л.Мягмаржав: Монгол сагсан бөмбөгөөр Азийн нүүр царай болсныг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржавтай ФИБА сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хөгжлийн замнал, цаашдын зорилго, тэмцээний бэлтгэл ажлын талаар gogo.mn сайтад ярилцлага өглөө.

-3х3 Монголын Сагсан бөмбөгийн Холбоо хэзээ байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? Энэхүү түүхээс яриагаа эхэлье.

-Манай баг тамирчид багийн спортын төрлөөр урьд гаргаж байгаагүй амжилтуудыг 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр сүүлийн жилүүдэд үзүүлж байна. М-Си-Эс Кока-Кола ХХК 2005 оноос хойш Спрайт брэндийн хүрээнд сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр олон нийтийг хамарсан дотоодын тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь улсын хэмжээнд багийн спортын төрлөөр олон тамирчин, хүүхдийг хамруулж чадсан төрөл бөгөөд жилд 10,000 гаруй хүүхэд тус тэмцээнд оролцдог.  2017 онд Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр 3x3 Монголын Сагсан бөмбөгийн Холбоо албан ёсны эрхтэйгээр олон улсын түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

-Фиба 3x3 ямар үе шаттайгаар хөгжиж ирсэн бэ? Монголын сагсан бөмбөгийн хөгжил ямар замналаар явж байна?

-Дотооддоо олон жил тэмцээн уралдаан хийсний үр дүнд тамирчид бэлтгэгдсэн. Энэ хугацаанд TLG 13 ТББ олон тэмцээнийг бид нартай хамтран зохион байгуулж, хүүхдүүдийн бэлтгэл сургуулилтыг хангаж байсан. 2015-2016 онд олон улсын тэмцээнүүдэд баг бүрдүүлж оролцож эхэлсэн. 2005 онд 14,15 настай байсан хүүхдүүд одоо 27,28 хүрч олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргаад явж байна. Арван хэдэн жилийн өмнөөс хөдөлмөрлөж энэхүү амжилтын суурийг нь тавьсан юм. 2017 оноос 3x3 төрлийн тэмцээнүүдийг дотооддоо зохион байгуулах ажил эхэлсэн.  

Манай баг тамирчид 2020 оны Токиогийн олимпт орох магадлал өндөр.

Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо 3x3 төрөл олон улс орныг хамарч байгаа байдлыг харгалзаж үзээд олимпийн спортын шинэ төрөл болгох хүсэлтийг тавьсан. Харин Олон улсын Олимпийн Хороо хүсэлтийг хүлээн авч, 2017 онд олимпийн төрөл болохыг зөвшөөрсөн юм. 2020 оны Токиогийн олимпт 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй эмэгтэй ангилалд тус бүр найман баг орохоор батлагдсан.  

-2020 оны Токиогийн олимпт оролцох эрхийг хэрхэн авах вэ? Манай Монголын баг тамирчид болзлыг хангасан уу?

-Олимпт оролцох улс орнуудыг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд шийднэ. Манай баг тамирчид 2020 оны Токиогийн олимпт орох магадлал өндөр. Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооноос 3x3 төрлөөр тоглодог дотоодын болон гадаадын тэмцээнд оролцож байгаа тамирчдын эрэмбийн оноог гаргадаг. Тухайн улсын хамгийн өндөр оноотой 100 тамирчны онооны нийлбэрээр улсын эрэмбийн оноог тооцдог. Тус оноогоор улс орнуудыг шалгаруулаад хамгийн өндөр эрэмбтэй найман орон олимпод оролцох эрхээ авна. Одоогоор дэлхийн чансаагаар манай эрэгтэй, эмэгтэй баг тавдугаар байранд жагсаж байна. Харин Ази тивд эрэгтэй баг нэгдүгээрт, эмэгтэй баг хоёрдугаарт явж байна.

Одоогоор дэлхийн чансаагаар манай эрэгтэй, эмэгтэй баг тавдугаар байранд жагсаж байна. Харин Ази тивд эрэгтэй баг нэгдүгээрт, эмэгтэй баг хоёрдугаарт явж байна.

Ер нь ямар ч байгууллага энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулж болно. Хамгийн гол нь олон улсын эрэмбийн оноо авах бүртгэлтэй байх ёстой. Энэхүү зохион байгуулалтын ажлыг 3x3 Монголын Сагсан бөмбөгийн Холбоо хийж байна.

-Манай баг тамирчид ФИБА 3х3 сагсан бөмбөгийн төрлийн ямар насны ангилалд оролцдог бол?

-Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Фиба 3x3-ийн төрлөөр явуулж буй бодлогын хүрээнд 18 хүртэлх насны хөгжлийн хөтөлбөр, 23 насны үндэстнүүдийн лиг, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллаар эрэгтэй эмэгтэй баг тоглодог. Үндсэндээ эрэгтэй эмэгтэй гурван төрлийн нас тул зургаан ангилалтай гэж хэлж болно. Энэхүү гурван ангиллыг нэгтгэн тооцоолсон үнэлгээгээр Монгол улс дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. Манай баг тамирчид эрэгтэй эмэгтэй бүх насны ангилалд амжилт гарган, энэхүү төрлийг өндөр түвшинд жигд хөгжүүлж чадсан. Зарим оронд эрэгтэй насанд хүрэгчид нь мундаг ч бага насных нь амжилтгүй байх тохиолдол гардаг. Тийм үед эрэмбийн оноо өндөр гарахгүй.

Олон улсын тэмцээнд манай багууд амжилттай оролцож өндөр оноо авах ёстой. Энэ оноонуудаас хамааран Монгол улсын баг тамирчид олимпт орох эсэхийг шийднэ. Олимп хүртэлх хугацаанд түвшингээ алдахгүй энэ байраа улам ахиулахын төлөө ажиллаж байна. Багийн шинэ спортын төрлөөр олимпт орно гэдэг нь бид бүхний хүсэл мөрөөдөл. Манай сагсан бөмбөг сонирхогчид ч үүнийг хүсэн хүлээж байна. Тэмцээн өрсөлдөөнтэй амаргүй байх хэдий ч медаль авахын төлөө тоглоно.

-Өрсөлдөгчид хүчтэй байгаа байх.

-Сагсан бөмбөг хөгжлийн өндөр түвшинд хөгжсөн өндөр хөгжсөн орнууд ялангуяа Серби, Словени, Польш, Орос, Латви зэрэг Европын орнууд байна. Эдгээр улс орнуудын багтай Ази тивийг Монгол улс төлөөлж өрсөлдөнө. 

-Ер нь мэргэжлийн тамирчдаа хэрхэн сонгож авдаг бол? Ямар шалгуурыг тавьж багаа бүрдүүлдэг вэ?

-Жилд 10,000-аас доошгүй хүн сагс тоглож байна. Хамгийн гол нь тамирчид хүсэл эрмэлзэлтэй, тууштай хөдөлмөрлөдөг, туйлбартай байх ёстой. Ийм байж өөрсдийн амжилтаа ахиулж бусдад үлгэр дууриалал болно.  3x3 төрөл гудамжинд гадаа гээд хаана ч, хэн ч тоглож болдгоороо онцлог. Олон улсын түвшинд өрсөлдөх учраас сэтгэл зүйн бэлтгэл, ур чадварын бэлтгэл цаашдаа улам их амжилт гаргах тэмүүлэл хүсэл зорилго хамгийн чухал.

Дотооддоо үе шаттайгаар олон тэмцээн уралдаан зохион байгуулаад эхлэхээр асар олон хүнийг хамарна. Тэмцээний хамрах хүрээг тэлж байж өрсөлдөөн ихсэж, спорт хөгжинө. Үүний үр дүнд бэлтгэл сургуулилт сайн хийж, тамирчдын ур чадвар илүү сайжирч, олон улсын тэмцээнд оролцох өндөр түвшнийг хангана. Одоогоор 1600 орчим тамирчид Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны бүртгэлтэй байна. Байгаа тамирчдынхаа хүрээнд хязгаарлагдвал энэ спорт хөгжихгүй.

-Сагсан бөмбөгийн хөгжлийг ахиулахын тулд ямар ажлуудыг хийж, ямар зорилго дор ажиллаж байна вэ? Залгамж халааг хэрхэн бэлдэж байна?

-2018 оноос 3x3 Монголын Сагсан бөмбөгийн Холбоо дотоодын тэмцээнүүдийг дөрвөн улиралд өндөр зэрэглэлд хийнэ. Энэ хүрээнд сум, аймаг, улс гээд шаталсан тэмцээнүүд хийхээр төлөвлөж байна. Дор дороосоо U18, U23 насныхан тоглож байгаа тул залгамж халаа гарч ирж байна. ФИБА 3x3 олимпийн төрөл болсноос хойш дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулах болсон. Энэ спорт Монголд хурдан хөгжих суурь тавигдсан. Бид дотооддоо олон тэмцээн уралдаан зохион байгуулах хэрэгтэй.

Шаталсан тэмцээний хүрээнд төлөвлөлтийн ажил эхэлсэн. Есдүгээр сард Дундговь аймагт эхний том тэмцээн зохион байгуулах гээд зөвлөлдөж байна. Бид сумуудад хүрч ажиллана, тэнд өрсөлдөөн бий. Сумуудаас шалгарсан багууд аймгийн төвд ирнэ. Аймгийн түвшинд хийх тэмцээнийг зургаан бүсэд хуваасан. Бид Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны жишиг дүрмийг монголын нөхцөлд хувиргаад яг тэр зарчмаар тэмцээний зохион байгуулалтыг хийнэ. Сум, аймаг, бүсэд болж байгаа бүх тэмцээнээр хүүхдүүдийн авсан оноо Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны эрэмбийн оноо болж байгаагаараа онцлог.

Мөн Фибагийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох Их Дуулга жилд есөн удаа болдог. Их Дуулгын есөн тэмцээнээс гурав нь болж манайх хоёрт нь оролцсон. Дахиад зургаан тэмцээн байгаагаас есдүгээр сард Хятадын Чэнду, Малайзийн Куала Лампурт болох Их Дуулгад орох зорилт тавьсан.

-Ойрын хугацаанд манай баг тамирчид ямар ямар тэмцээнүүдэд оролцох гэж байна вэ?

-Энэ жил U18 насны эрэгтэй эмэгтэй багууд есдүгээр сарын 6-9-ний өдөр Малайзад ФИБА 3х3 Азийн аваргад оролцохоор болсон. 18 насны хувьд дэлхийн эрэмбээр эрэгтэй, эмэгтэй баг 12-рт жагсаж байна. Мөн аравдугаар сарын 7-17-ны хооронд Аргентинд болох “Youth Olympic Games”-д явна.

U23 насны хөтөлбөрийн хувьд үндэстнүүдийн лигт бүсчилсэн байдлаар Европ болон Ази Африкийн бүс гэж ялгасан байдаг. Энэ жил зургадугаар сард цуврал зургаан тэмцээний эхний хоёрыг Улаанбаатарт зохион байгуулсан бол долдугаар сарын сүүлээр Японд 3,4-дэх тоглолтыг хийсэн.

Есдүгээр сарын 4-5-ны өдөр Малайзад болох “FIBA 3x3 U23 Nations League Stop 5,6” тэмцээнд U23 насны эрэгтэй эмэгтэй багууд оролцоно. Тус гурван улсад болж байгаа нийт зургаан тэмцээний үр дүнгээр Ази Африкийн бүсээс хамгийн өндөр оноотой гурван орон шалгарч, Энэтхэгт есдүгээр сарын 22-нд болох финалд оролцох эрхээ авна. Европын шилдэг гурван багтай нийлээд зургаан багийн тэмцээн болно гэсэн үг. Эхний дөрвөн тэмцээний дүнгээр Монголын эрэгтэй баг 1-т, эмэгтэй баг 2-т жагсаж байна.  

Насанд хүрэгчдийн ангилалд манай улсын шигшээ баг гурван тэмцээн дараалж орох гээд өндөр ачаалалтай байна. Словенийн нийслэл Люблян хотод наймдугаар сарын 17,18-нд Дэлхийн Гранприд оролцоно. Үргэлжлүүлээд 21-26-ныг дуустал Индонезийн Жакартад Азийн наадамд явна. 27-нд Берлинд хоёр өдөр Дэлхийн Гранпри тэмцээнд оролцоно. Монголд буцаж ирээд дахин есдүгээр сарын 29-30-ны өдөр Хятадын Чэнду мужид болох Их дуулга тэмцээнд явна. Бүх насны багууд хамтарсан бэлтгэлд гарч байна.

-Тэмцээнүүдийн бэлтгэлийг хэрхэн хангаж байна? Ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа бол?

-Бэлтгэлийн хүрээнд онолын сургалт, кросс фит, үсрэлт хариалт, кардио дасгал, заалны бэлтгэл хийдэг. Сагсан бөмбөгийн бэлтгэлийг өндөрт хийвэл давуу. Хандгайтад өндөр рүү гүйх, шат руу гүйх, зайсан руу нэгийгээ үүрч гүйх зэрэг өндрийн бэлтгэл хийдэг. Гурван хүн тоглож байгаа учраас байрлал, шидэлт самбардах довтолгоо зэрэг тактикийн бэлтгэлийг ч мөн хийнэ. Бэлтгэлийн ажил С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор явагдаж байна.

Олон улсын тэмцээний зардлыг хэрхэн зохицуулдаг вэ? Төрөөс дэмжлэг үзүүлдэг үү?

-Энэ оны зургадугаар сард Филиппиний Манила хотод болсон ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг шилдэг наймд шалгарсан. Энэ бол түүхэн амжилт. Хоёр жил дараалан Ази тивд финалд үлдэж 2017 онд Ази тивийн аварга, 2018 онд Ази тивийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Монголын баг тамирчдын олон улсын хэмжээнд гаргасан амжилтуудыг үнэлж төрийн дээд алтан гадас одонгоор шагнасан. Тамирчид цаашдаа улам их амжилт гаргах урам зориг авсан.

Манай бодлогын газрууд, бизнесүүд, хувийн хэвшлүүд, сагсан бөмбөгт дуртай хувь хүмүүс сайн дэмжээсэй гэж хүсэж байна.

Төсөв мөнгө санхүүгийн хувьд тэмцээн уралдаанд оролцоход гаргаж байгаа зардлын хэмжээ асар их. Тив, дэлхий, олимпийн тэмцээнд явах зардлын төсвийг яамнаас хүссэн. Одоогийн байдлаар хариу өгөөгүй, хүлээсэн байдалтай байна. Шигшээ баг байгуулснаар олон улсын тэмцээн уралдаанд явахад төсөв олгодог гэсэн тул шигшээ багаа бүрдүүлэх хүсэлт ч тавьсан. Өнөөдрийг хүртэл бид ямар ч мөнгөн дэмжлэг аваагүй явж байна.

Бодлогын хувьд манай биеийн тамир, спортын бодлогын газар яамны улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Шигшээ баг байгуулж 18, 23 насны ангиллаар төсөв тавьж өгвөл бидэнд том нэмэр болно. Санхүүгийн асуудлаас болоод үйл ажиллагаа саарвал бидний гаргасан хүч хөдөлмөр, хөрөнгө үр дүнгүй болно. Манай бодлогын газрууд, бизнесүүд, хувийн хэвшлүүд, сагсан бөмбөгт дуртай хувь хүмүүс сайн дэмжээсэй гэж хүсэж байна. Бид бүгд л спортынхоо төлөө зүтгэлтэй хүмүүс. Сагсан бөмбөгийн энэ төрөл дээр гаргаж байгаа амжилтыг баталгаажуулах боломжоор хангаасай гэж хүсэж байна. Мөн манай холбоонд хувь нэмрээ оруулан зохион байгуулалтын ажилд орох сонирхолтой хүмүүс байвал нээлттэй.

-Сагсан бөмбөгөөр хичээллээд, лигт тоглоод амжилт гаргаад явахад амьдралын баталгаа хэрэгтэй шүү дээ. Тамирчид цалин авдаг уу?

Дөрвөн тамирчныг тогтмол цалинжуулж байгаа. Спонсорын хувьд Кока кола брэнд, Сэнгүр брэндээс гадна Unitel group тэмцээн уралдаан зохион байгуулахад техникийн болон дамжуулалтын ажилд тусламж үзүүлдэг. Бусад дэмжиж байгаа байгууллагууд ч бий. Бидэнд төлөөгүй байгаа өр,  зардлаа өгөөгүй байгаа тохиолдол бий. Амжилт үр дүн гаргаад түүндээ урамшаад явж байна. Одоог хүртэл гаргасан зардлаа тооцвол хагас тэрбум төгрөг болсон байна. Төсөв мөнгөний хувьд цаашдаа илүү боломжтой болно гэж найдаж байна.

-Монгол улсад тэмцээн зохион байгуулах эрхийг авснаар ямар давуу талуудыг бий болгодог вэ?

-Тэмцээн зохион байгуулах эрх авбал тодорхой хэмжээний зардлыг тус улс хариуцдаг. Ер нь тэмцээний эрх авна гэдэг манай улсын нэр хүнд, танигдсан байдалд нөлөөлж цаашлаад аялал жуулчлал, эдийн засагт асар их ач холбогдолтой.

2019 онд U18 насны Дэлхийн аваргыг Улаанбаатар хотод зургадугаар сарын 3-наас 7-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Төсвөөс дэмжлэг хүсэж материал бүрдүүлэн өгсөн. 2021 онд насанд хүрэгчдийн Дэлхийн аваргыг Улаанбаатарт зохион байгуулах хүсэлтийг мөн адил Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд гаргасан. Сагсан бөмбөгийн дэлхийн аварга Улаанбаатарт болно гээд төсөөлөөд үз. Энэ тэмцээний зохион байгуулах эрхийг авна гэдэг асар их ач холбогдолтой, тамирчны тоо гэхэд л 200 гарна.

2017, 2018 оны зургадугаар сард Монголд Дэлхийн Гранпри, 2018 онд U23 насны үндэстнүүдийн лиг зэрэг олон улсын тэмцээн зохион байгуулсан. Жилээс жилд 2-3 тэмцээний эрх авбал Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны өмнө манай улсын хүлээн зөвшөөрөгдсөн байдал, сагсны хөгжил болон нэр хүнд өндөр байгаагийн илрэл болно. Монгол улс сагсан бөмбөгөөр Ази тивийн нүүр царай болсон гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна.

 -Тамирчдын амжилтад хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Ирэх тэмцээнүүдийн хувьд хүлээлт өндөр байна уу?

-Монголын баг тамирчид сагсан бөмбөгийн хувьд хүчтэй өрсөлдөгч гэдгийг дэлхий дахин ойлгосон байна. Өдий хүртэл гаргаад байгаа амжилтыг бүгд хүлээн зөвшөөрч байгаа тул сэтгэл хангалуун байна. Тэмцээнээс тэмцээнд улам л амжилттай байгаасай гэж хүсээд хүлээлт өндөр болж байна. Тоглолтын агуулга, тамирчдын бие сэтгэлээ дайчилж буй байдал, гарч байгаа боломжийг алдахгүй байгаа нь хамгийн чухал. Хожигдсон ч бай хамаагүй ханатлаа тоглоод бүх ур чадвараа гаргасан даа гэсэн сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Хожчихоод дараа нь сэтгэл дундуур байхыг үгүйсгэхгүй. 

-Ярилцсанд баярлалаа.