“Энержи Ресурс” компани нүүрсний салбарын шилдгээр шалгарлаа

by admin on Thu, Sep 06 2018 04:00:00

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2018" чуулган есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Чуулган зургаан хэсэгтэйгээр үргэлжилж, салбарын өрсөлдөх чадвар, зам тээвэр, баяжуулалтын технологийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ нүүрсний хаягдлыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, нүүрсийг гүн боловсруулах, утаагүйжүүлэх шаардлагын хүрээнд салбарынхны авч буй арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 

"Энержи Ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл чуулганы эхний хэсэг болох “Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар: Сорилт ба Боломж” салбар хуралдааны үеэр "Монгол Улс нүүрсний зах зээлд олдсон боломжоо ашиглаж чадах уу?" сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрбээр илтгэлдээ “Монголын эдийн засаг ердөө 10 тэрбум доллар. Үүнийг яаж 20, 30, 40 тэрбумын эдийн засаг болгох вэ гэдэг түвшинд ярьмаар байна. Эдийн засгаа татаж унагая л гээгүй бол нүүрс, зэсийг улстөржүүлэх хэрэггүй” хэмээн онцолжээ.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулган өчигдөр өндөрлөж, “Монгол Нүүрс Ассоциаци”-ийн дэргэдэх Хараат бус экспертүүдийн зөвлөл болон олон нийтийн цахим санал асуулгын дүнг нэгтгэн салбарын шилдгүүдээ шалгаруулжээ. Нүүрсний салбарын оны “Шилдгийн шилдэг”-ээр "Энержи Ресурс" компани шалгарч ГранПри шагналыг хүртлээ. Салбарын ТОП компанийг тодруулахдаа АМГТГ-аас ирүүлсэн олборлолтын мэдээ, Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан нүүрс тээврийн 2018 оны эхний 7 сарын гүйцэтгэлд үндэслэснээс гадна улсад төлж буй татвар, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлага, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг голлон анхаарчээ.