Монгол Улсын шигшээ баг шагналт дөрөвдүгээр байранд шалгарлаа

by admin on Thu, Jun 07 2018 04:00:00

ФИБА 3х3 "Улаанбаатар" дэлхийн Гранпри тэмцээн 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд нийслэл хотод амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр М-Си-Эс Группийн “М-Си-Эс Кока-Кола” ХХК хамтран ажилласан юм.

“Ulaanbaatar Challenger 2018” тэмцээнийг Филиппин улсын Манила хотод энэ сарын 8-12-ны хооронд зохион байгуулагдах ФИБА 3х3 төрлийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “урьдчилсан тоглолт” хэмээн онцолж, улмаар чансаагаараа тэргүүлэгч Польш, ОХУ, Серб, Словени зэрэг орны багууд оролцсон байна. Хоёр хоногийн турш үргэлжилсэн тэмцээний тэргүүн байранд дэлхийн чансааны 4-т бичигдэж буй Словени улсын “Пиран” баг, 2-р байранд Австралийн “Мельбурн” баг, 3-р байранд Сербийн “Novi Sad” баг шалгарч, манай “Улаанбаатар Хангарьд” баг шагналт 4-р байранд орлоо.

“Ulaanbaatar Challenger 2017” Гранприд оролцсон амжилтаа ийнхүү ахиулсан “Улаанбаатар Хангарьд” шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр Филиппин улсыг зорилоо. Монгол Улсын шигшээ баг 2017 онд дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 192 байр урагшилж, дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй гайхалтай амжилтыг эзэмшиж байна.