“Тайшир” УЦС ашиглалтад орсны 10 жилийн ой тохиож байна

by admin on Fri, Aug 10 2018 04:00:00

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Тайшир” УЦС ашиглалтад орсны 10 жилийн ой тохиож байна. Говь-Алтай аймаг дахь “Тайшир” усан цахилгаан станцын барилгын ажил 2004-2007 онд хийгдэж, 2008 оны наймдугаар сарын 08-ны өдөр анх цахилгаан үйлдвэрлэн Тайшир сумын төвийг хангаж эхэлсэн юм. “М-Си-Эс Интернэйшнл” компани уг төслийн Техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын хяналтыг хийж гүйцэтгэсэн билээ.

Энэ сарын 8-ны өдөр болсон ойн баярын үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож баяр хүргэсэн байна. “М-Си-Эс Интернэйшнл” компанийн зүгээс төслийг хариуцан ажилласан Ц.Баасандорж, төслийг талбай дээр удирдан ажилласан Х.Батболд нар энэхүү үйл ажиллагаанд мөн оролцоод ирлээ.

Монгол Улсын эрчим хүчний салбарын түүхэн дэх шинэ ололт байсан уг цахилгаан станц 2007-2010 онд Говь-Алтай, Завхан хоёр аймгийн төв, 29 сумыг 1100 км цахилгаан дамжуулах шугамаар холбон 24 цагийн цахилгаантай  болгож, 10 жилийн турш найдвартай цахилгаанаар тасралтгүй хангаж байна.

“Тайшир” УЦС байгуулагдсанаар бус нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа юм. Тодруулбал, Эрээн нуурын түвшин хуучин түвшингээсээ илүү өндөр түвшинд хүрч нуурыг тойрсон эко систем сэргэжээ. Хиймэл Гэгээн нуур бий болсноор тухайн орчинд эко орчин бүрдэж, загас жараахай өсч үржин, усны шувууд саатан байрших газрын нэг болсон аж.