Гүний уурхайн төсөлд 2,000,000 хүн цаг аюул осолгүй ажиллалаа

by admin on Mon, Aug 13 2018 04:00:00

М-Си-Эс Проперти ХХК-ийн Төслийн баг Оюу толгой “Гүний уурхайн чухал барилга байгууламж” төсөлд 2,000,000 хүн/цаг аюул осолгүй ажилласан түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус компани 2016 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс “Гүний уурхайн чухал барилга байгууламж” төсөлд оролцон 2 сая хүн цаг LTI Free ажилласан нь Оюу толгой төслийн хэмжээнд анхдагч төдийгүй дэлхийн адил хэмжээний гүний уурхайн төсөлд ховор тохиох үйл явдал юм.

Төслийн баг урт ба богино хугацаанд ажилласан 811 хүний бүрэлдэхүүнтэйгээр Оюу толгой болон Жакобс компанийн мэргэжилтнүүдтэй хамтран Шафт 1-ийн хацарт бутлуурын барилга байгууламж, галын болон хэрэглээний усан хангамжийн систем, уурхайн ус зайлуулах систем, түлш дамжуулах систем, тэсрэх бодисын агуулах, засварын цех, Шафт 2-ийн бутлуурын үйлдвэрийн хүдэр хадгалах савны суурийн металл хийц зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. Төслийн хүрээнд нийт 929 гэрээг дотоодын ханган нийлүүлэгч компаниудтай хийж, 14,992 м.куб бетон цутгалт, 57,222 метр цахилгааны кабель, 50,132 метр холбоо дохиоллын кабель, 23,287 метр инженерийн шугам хоолой, 751,8 тн метал хийц угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Баярын үйл ажиллагаанд М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч Ж.Од, Жакобс ХХК-ийн Төслийн захирал Крис Локкетт, Барилга угсралтын захирал Трэвор Вайт, М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, М-Си-Эс Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир нар оролцож, “Гүний уурхайн чухал барилга байгууламж” төсөлд гар бие оролцсон инженер техникийн ажилчид, хамт олонд баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.

Үйл ажиллагааны үеэр Жакобс ХХК-ийн Цахилгааны ахлах мэргэжилтэн Эд Пэйн “М-Си-Эс Проперти компанийг маш чадвартай, олон улсын томоохон компаниудтай зэрэгцэхүйц компани гэж үнэлдэг. Дэлхийн инженерчлэлийн арга аргачлал, шилдэг техник технологийг монгол инженерүүдэд сургах, эзэмшүүлэх, дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг монгол компани бие даан хэрэгжүүлэх суурь бэлтгэгдэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.