Шинэ цогцолбор, шинэ хичээлийн жил
Буцах

  2014.09.01

Орчлон Кембриж олон улсын сургууль хичээлийн шинэ жилийн баярыг угтан 8-р сарын 28-ны билэгт сайн өдөр 1500 хүүхдийн суудалтай шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолборынхоо нээлтийг хийлээ. Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор барьж байгуулсан энэхүү цогцолбор нь  М-Си-Эс Группын 20 жилийн ойн хүрээнд нийгмийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг юм. Тавь гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон уг цогцолборын ерөнхий захиалагчаар М-Си-Эс Проперти компани, гүйцэтгэгчээр Суруга компани ажиллаж, барилгыг хичээлийн шинэ жилийн өмнө хугацаанд нь хүлээлгэн өглөө.

Ийнхүү шинэ цогцолбор ашиглалтанд орсноор сургуулийн хүчин чадал 30 хувь, цэцэрлэгийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж, 50 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа юм. Үндэсний болон Кембрижийн Олон улсын хөтөлбөрийг босоо тогтолцоонд нь хэрэгжүүлж буй Орчлон сургууль, Монтессори сургалттай Орчлон цэцэрлэгт 2014-2015 оны хичээлийн жилд нийт 1300 гаруй хүүхэд хамрагдах бөгөөд хос хэлээр боловсрол олгох туршлагатай чадварлаг Монгол багш нараас гадна АНУ, Их Британи, Австрали, Филипин, Хятад, Канад, Серб, Малайз, Энэтхэг, Тайван улсуудаас мэргэжилтэн багш нар ирж ажиллаж байна.

Орчлон Кембриж Олон Улсын Сургуулийн шинэ цогцолбор нь сургуулийн өмнөх нас болон бага, дунд, ахлах ангийн сургалтын онцлог, хүүхдийн нас, физиологи, эрүүл ахуйн стандартын шаардлагад бүрэн нийцсэн, сурагчдын сурч боловсрох хүсэл тэмүүллийг дэмжих тусгай зориулалтын иж бүрэн анги, танхимууд, спорт комплекс бүхий орчин үеийн байгууламж юм. Тус цогцолбор нь хичээлийн анги, танхимууд, иж бүрэн тоноглогдсон байгалийн ухааны хичээлийн лабораториудаас гадна 50 метрийн урттай гурван зам бүхий усан бассейн, спорт заал, хоолны танхимуудтай бөгөөд сурагчдад урлаг, гоо зүйн боловсрол олгоход зориулж 250 хүүхдийн суудалтай  “Урлаг” театрыг байгуулжээ. Мөн сурагчдын автобусны зогсоол, эцэг эхчүүд, зочдын машины зогсоолыг тусад нь шийдэж өгчээ.