“Ухаа худаг 10 жил” наадам боллоо
Буцах

  2018.08.08

Говь нутгийн өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлэх зорилготой Ухаа худаг наадам 7-р сарын 27-28-ны өдрүүдэд дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Наадамд улс, аймаг, сумын цолтой 128 хүчит бөх, өсвөрийн 32 бөх, “Энержи Ресурс” компанийн ажиллагсдын төлөөлөл 32 бөх хүч үзэн барилдсанаас үндсэн барилдаанд Улсын начин Ш.Дарханбат түрүүлж, Улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэлээ. Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын О.Бүрэнбат түрүүлж, Цогтцэций сумын сурагч Б.Мягмарбаяр үзүүрлэсэн бол ажиллагсдын барилдаанд Энержи Ресурс компанийн Авто багийн жолооч Б.Батболд түрүүлж, мөн тус компанийн хүнд даацын автомашины жолооч Н.Амартүвшин үзүүрлэж наадамчин олноо баярлуулсан юм.

Үндэсний сурын харваанд улс, аймгийн цолтой, чансаа өндөр 101 мэргэн харваач, өсвөрийн 32 харваач оролцсоноос эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд Аймгийн мэргэн, спортын мастер Э.Батсүх, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд спортын дэд мастер Х.Даваацэцэг, өсвөрийн эрэгтэй харваачдаас Т.Хаш-Эрдэнэ, эмэгтэй харваачдаас А.Ариун-Эрдэнэ нар тус тус түрүүлж, хурсан олноо баясгалаа.

Хурдан морины уралдаанд 12 аймгийн, нийт 9 насны 309 шандаст хурдан хүлэг уралдсанаас эрлийз морьдын дээд насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Тогтохын хээр, дунд насанд Өмнөговь аймгийн Манлай сумын уяач Г.Батнямын хээр, бага насанд Төв аймгийн Бүрэн сумын уяач Д.Энхмэндийн сартай хээр, азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Э.Эрдэнэ-Очирын зээрд, их насанд Увс аймгийн Зүүнхангай сумын Ц.Баасандоржийн зээрд халзан, соёолон насанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын бор, хязаалан насанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн хул, шүдлэнд насанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Ууганбаярын хээр, дааган насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач О.Нэргүйн хонгор бүүдэн даага тус тус түрүүлж уясан эзэн, хурсан олон, унасан хүүхдээ баярлууллаа.

Шагайн харваанд улс, аймаг, сумын цолтой 27 багийн 216 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс багийн харваанд Монгол Улсын мэргэн Ч.Буянжаргалын баг 1-р байр эзэлсэн бол хурууны хувийн цуваа харваанд Дундговь аймгийн харьяат, Аймгийн гоц мэргэн А.Гомбо түрүүлж, бууны хувийн цуваа харваанд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Монгол Улсын хүндэт харваач Д.Шинэхүү тус тус түрүүлж, наадамчин олноо баясгасан юм.