Бизнесийн салбарынхан чууллаа
Буцах

  2017.11.10

“Голомт” банкнаас санаачлан Монголын томоохон 250 гаруй компанийн эзэд болон гүйцэтгэх захирлууд оролцсон “Голомт-Менежмент форум-2017” чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буй уг чуулга уулзалтаар менежментийн давалгаа, сургамж, алдаа оноо, шийдлүүдийг ярилцаж, цаашид дотоодын компаниуд үр ашигтай хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал бодлоо хуваалцсан байна. Тухайлбал, “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар ажлын капитал буюу эргэлтийн хөрөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах тухай, “Голомт” банкны дэд ерөнхийлөгч М.Наранхүү бизнесийн үйл явцын бүтцийн шинэчлэлт, “Говь” корпорацийн гүйцэтгэх захирал, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Амёб” менежментийн систем буюу бүтээмжийн өсөлт, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг дижитал борлуулалтын аргаар борлуулалтаа 30 хувь нэмсэн талаар тус тус илтгэлүүд тавьжээ.

Чуулганы салбар хуралдаанд “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар илтгэгчээр оролцон группийн менежмент, байгууллагын засаглал болон харилцагч үйлчлүүлэгчдийн бодлогын талаар танилцуулсан байна.

“Голомт-Менежмент форум 2017” чуулганы үеэр М-Си-Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг “Mongolian Global CEO” хэмээн тодруулж, батламж гардууллаа. Тэрбээр шагнал гардан авахдаа, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг бүрдүүлж, ажлын байрны 90 гаруй хувийг бий болгож буй дотоодын компаниудын үйл ажиллагаа улс орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэйг онцлоод бизнесийн салбарынханд олон нийтийн эдийн засгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх талаар хамтран ажиллахыг уриалжээ.