“United Family Intermed” эмнэлэг нээлтээ хийв
Буцах

  2014.09.24

Монголчуудын хөрөнгө оруулалттай, америк менежменттэй “United Family Intermed” эмнэлэг 2014 оны 9-р сарын 22-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төрийн түшээд, салбарын  төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түнш байгууллагуудын зочид болон эмнэлгийн нийт ажилтнууд оролцлоо. “United Family Intermed” эмнэлэг нь Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм.

Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадагшаа чиглэсэн урсгалыг багасгаж, эх орондоо эмчлүүлэх боломжийг Монголчууддаа олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп болон хувь хүмүүс хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг санаачлан, хэрэгжүүлж, 2014 оны 5-р сарын 07-ны өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ. Тийнхүү салбартаа шинэчлэл нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч, эрүүл мэндийн менежментийн багтай туршлага солилцох үүднээс Азийн бүсийн хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг Америкийн “Юнайтэд Фэмили” сүлжээ эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Эмнэлгийн удирдлагыг “Юнайтэд Фэмили” сүлжээ эмнэлэгтэй хамтарсан менежментийн баг хариуцах бөгөөд эмчилгээ, оношилгоо, сургалтын чиглэлээр Монгол, Америк эмч, мэргэжилтнүүд мөр зэрэгцэн хамтран ажиллах юм.

Эмнэлгийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти компани  ажилласан бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалт 100 гаруй тэрбум төгрөгт хүрч, энэхүү бүтээн байгуулалтад дотоод, гадаадын 200 орчим компанийн 4000 гаруй инженер техникийн ажилчид, зөвлөх, мэргэжилтнүүд оролцсон. Мөн тус эмнэлэг нээгдсэнээр эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед эрүүл мэндийн салбарт 250 гаруй ажлын байр шинэээр бий болж байгаа билээ.