34 настай “ДЦС-4”-ийг шинэчлэх төсөлд Япон, Монголын компаниуд ажиллаж байна

2017.09.01

Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70, дулааны эрчим хүчний 60 гаруй хувийг дангаар хангадаг “Дулааны цахилгаан станц-4” 34 жилийн настай, шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. Тус цахилгаан станцын үйл ажиллагаа найдвартай болж, үр ашиг нь дээшлэх “MON-P10” төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд уурын турбинуудын тохируулгын механик системийг цахилгаан гидравлик болгох, тэдгээр турбиний хяналт, удирдлагын хуучин системийг автоматад шилжүүлэх, найман зууханд бүгдэд нь үнс үлээлгийн төхөөрөмж шинээр суурилуулах, тээрмийн бул, тавгийг шинэчлэх, тээрмийн зарим эд ангийг сайжруулах зэрэг ажлуудыг хийх юм. Хоёр багцад хуваан хийгдэх төсөлд Японы “Electric power development” (“J-POWER) компани зөвлөхөөр ажиллаж, эхний багцыг “Yokogawa electric corporation”, хоёр дахь багцыг Японы “Mitsubishi hitachi power systems” болон Монголын М-Си-Эс Интернэйшнл компаниудын хамтарсан консорциум гүйцэтгэж байна.

Түүнчлэн дотоодын “Хасу мегаватт”, CMM, “Smart craft”, “Рутан” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

- + Text Size share print