Энержи Ресурс 2017 оны эхний хагаст 311 сая ам.долларын ашигтай ажиллалаа

2017.08.29

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2017 оны нэгдүгээр хагаст 311 сая ам.долларын ашигтай ажиллаж, өндөр өсөлт үзүүллээ.

Үүнээс үйл ажиллагааны цэвэр ашиг нь 110 сая ам.доллар байсан байна. Дурдсан хугацаанд Энержи Ресурсын нүүрс олборлолт 4.2 сая тонн, нүүрс баяжуулалтын хэмжээ 3.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 359% ба 284%-иар тус тус өссөн байна. Мөн энэ хугацаанд 2 сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 290%-иар өсчээ.

2017 оны эхний 6 сард Энержи Ресурс нийт 2.3 сая тонн бүтээгдэхүүн экспортлосон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 290 гаруй хувиар өссөн маш өндөр үзүүлэлт юм.

2017 он гарсаар коксжих нүүрсний зах зээлийн сэргэлтийг Энержи Ресурс хурдтай ашиглаж, экспортын хэмжээгээ өсгөж, үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Мөн одоогоор нүүрсийг дотооддоо баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортлож буй ганц компани гэдэг утгаараа нүүрсний борлуулалтын үнийг хамгийн өндөр тогтоодог.

2012 оноос хойш нилээд хэдэн жилийн турш дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, Монголын нүүрс экспортлогч компаниуд багагүй хүндрэлтэй тулсан. Харин 2016 оны сүүлч, 2017 оны эхээр нүүрсний зах зээлд үнэ сэргэж, компаниудын хувьд алдагдлаас гарах, үйл ажиллагаагаа сэргээх боломж нээгдсэн.

Коксжих нүүрсний экспорт Монгол Улсын эдийн засагт том үүрэг гүйцэтгэдэг. 2017 оны эхний хагаст л гэхэд манай улс нүүрсний экспортоос 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь улсын нийт экспортын орлогын 40 орчим хувийг бүрдүүлсэн байна. 

 

- + Text Size share print