Энержи ресурс компани 7 жилд 40 сая тонн нүүрс олборлосон шинэ амжилт тогтоолоо

2016.11.10

Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авчээ. Ингэснээр Энержи ресурс компани Ухаа худаг уурхайн нүүрс олборлолт ба боловсруулалтын хэмжээ, далайцаар Монгол Улсын уул уурхайн салбарын түүхэнд шинэ амжилтыг тогтоож байгаа юм. Ухаа Худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлж өнөөг хүртэлх 7 жилийн хугацаанд нүүрсний олборлолтын хэмжээг ийнхүү 40 сая тоннд хүргэлээ. Манай улсын хэмжээнд хамгийн их нүүрс олборлосон уурхайгаар Багануурын уурхай бичигддэг бөгөөд 38 жилд 100 сая тонн нүүрс олборложээ. Харин Шарын голын уурхай 51 жилд 58 орчим сая тонн нүүрс олборложээ. Нүүрс баяжуулах үйлдвэр нь 2011 онд баригдаж, 2013 онд нийт 3 модуль ашиглалтанд орж байсан бол өдгөө жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Энержи Ресурс компани нь улсын хэмжээнд нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулж, боловсруулан экспортолдог цорын ганц аж ахуйн нэгж юм. Мөн олон улсад танигдсан, бүтээмж өндөртэй, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашигладаг нь уурхайн томоохон давуу тал болдог байна.

- + Text Size share print