ФИБА 3х3 “Улаанбаатар” дэлхийн Гранпри зохион байгуулагдана

2018.05.31

ФИБА 3х3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. “Улаанбаатар” дэлхийн Гранпри нь Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3х3 төрлийн баг тамирчдад Олимпийн эрхийн оноо олгох чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм. Тэмцээнд дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 12 шигшээ баг оролцох бөгөөд эхний хоёр байрт шалгарсан багууд 10 дугаар сарын 13-14-ний хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрх авах аж. Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай “Улаанбаатар” Гранпри тэмцээнийг М-Си-Эс Группийн М-Си-Эс Кока-Кола ХХК, Юнител ХХК-иуд болон Сэнгүр брэнд ивээн тэтгэж байна.

Энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа М-Си-Эс Групп нь сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө олон жил тууштай ажиллаж байгаа юм. 2005 оноос хойш сагсан бөмбөгийн 3х3 төрлийг дэмжин, нарийн шат дарааллын дагуу хөгжүүлж ирсний үр дүнд Монгол Улсад сагсан бөмбөгийн энэ төрөл эрчимтэй хөгжиж, тамирчдын ур чадвар эрс дээшилж, олон улсын төвшинд үзүүлж буй амжилтын буухиа тасрахгүй үргэлжилж байна.

 

- + Text Size share print