УИХ-ын гишүүдтэй бизнесийн төлөөлөл уулзлаа

2016.09.09

Монголын CEO клубээс санаачлан бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргагчдын төлөөлөлд хүргэх, нөгөө талаас ирэх дөрвөн жилд шинэ Засгийн газар эдийн засгийн ямар бодлого баримтлах талаар мэдээлэл солилцсон уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтанд Улсын Их Хурлын зарим гишүүд, Монголын бизнесийн төлөөллүүд оролцсон байна. Энэ үеэр бизнес эрхлэгчид улс орны хөгжлийн гарцыг хэрхэн харж буй, бизнесийн орчинд ямар асуудал тулгамдаж байгаа талаарх санал бодлоо илэрхийлжээ. Тухайлбал, М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлэхдээ, “Төрийн компани хямд түүхий нүүрс гаргаад байдаг. Гэтэл хувийн хэвшил коксжуулах, үнэ цэнэ оруулах гэж хичээсээр байгаа. Үнийн бодлого дээрээ төр, хувийн хэвшил хамтарч ажиллах хэрэгтэй байна. Нэг цонхны бодлого баримталж ажиллах шаардлагатай юм. Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэж, тасраад байгаа төсвийг бүрдүүлэхэд том нөлөө үзүүлэх боломжтой” талаар онцолжээ. Мөн “MMC дефолт зарлах ташаа мэдээлэл явсаар байгаа бөгөөд 600 сая ам.долларын бондын төлбөрөө зургаан жилээр хойшлуулсан амжилттай хэлэлцээ хийсэн” тухайгаа мэдээлсэн байна. Түүнчлэн Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, Монголын Хөрөнгө Оруулалтын Сангийн захирал Б.Батсайхан, Номин Холдинг ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан нар байр сууриа илэрхийлжээ. Бизнес эрхлэгчид улс төр, хууль эрх зүйн тогтвортой орчин хамгийн чухал байгааг онцолжээ.

- + Text Size share print