М-Си-Эс Эстэйтс компани Ээлтэй Ертөнц ТББ-д үйлдвэрийн талбай үнэ төлбөргүй түрээслүүлнэ

2017.07.25

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэр дундаа тархины саажилттай хүүхдүүдийн төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг Ээлтэй Ертөнц ТББ-г тус эмгэгээр өвчилсөн хүүхдүүдийн эхчүүд нэгдэн үүсгэн байгуулжээ. Эдгээр эхчүүд зөөлөн чихмэл тоглоом гар аргаар үйлдвэрлэн худалдаалж, олсон ашгаараа тархины саажилтын оношилгоо, эмчилгээний төв байгуулахын төлөө ажиллаж буй хамт олон юм.

“Тархины саажилттай хүүхдийг бага насанд нь зөв оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой байдаг боловч харамсалтайгаар манай улсад зориулагдсан тоног төхөөрөмж байдаггүй, буруу оношилгоо зэргээс шалтгаалан олон хүүхдүүд балчир наснаасаа эмчилгээгүй болж насан туршдаа хохирч байна” хэмээн Ээлтэй Ертөнц ТББ-г үүсгэн байгуулагч Т.Туяажаргал бидэнд хэлж байлаа. М-Си-Эс Эстэйтс компани эдгээр хамт олны чихмэл тоглоом үйлдвэрлэх үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй болгох, цаашлаад “Тархины Саажилтын Төв”-ийг бүтээн байгуулах үйлсийг нь дэмжин Вива Сити хороололд байрлах 123 м.кв худалдаа үйлчилгээний талбайг чихмэл тоглоомын үйлдвэрийн зориулалтаар 2 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр түрээслүүлэх шийдвэрийг гаргажээ.

Үүгээр зогсохгүй М-Си-Эс Эстэйтс компани Будда Виста, Белла Виста, АСЕМ Виллаж хотхоны оршин суугчдаас бүрдэх “Виста Хүрээллийн” дунд уран зураг дуудлагаар худалдаалах хандивын арга хэмжээг Скай Резорт цогцолборын Их Гэрт зохион байгуулж 16 сая төгрөг цуглуулсан байна. Хандивын 16 сая төгрөгөөр үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авч Ээлтэй Ертөнц ТББ-д хүлээлгэн өгөх бөгөөд ингэснээр тус хамт олны чихмэл тоглоом үйлдвэрлэх гар ажиллагаа багасахын сацуу бүтээгдэхүүнийг нь төрөлжүүлж, үйлдвэрлэлтийн тоог эрс нэмэгдүүлэх юм. Хандивын арга хэмжээнд идэвхтэй оролцсон TechLab дэлгүүр, Лийдер Скай ХХК, Тооно Галерэй болон бусад Виста хүрээллийн хамт олонд М-Си-Эс Эстэйтс ХХК, Ээлтэй Ертөнц ТББ-ын зүгээс баярласан талархсанаа илэрхийлж байна.

 

- + Text Size share print