“М-Си-Эс Интернэйшнл” ХХК сэргээгдэх эрчим хүчний салбарт хошуучилж байна

2018.01.04

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний салбарт мэдлэг, мэдээлэл, дэвшилтэт технологийг олборлож, үйлдвэрлэл дээр түүнээ хэрэгжүүлж буй туршлагатай томоохон компаниуд бий болжээ. Тэдний нэг бол М-Си-Эс группийн ууган компани болох “М-Си-Эс Интернэйшнл” ХХК юм. Тус компани 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Ухаа худаг” салбараа байгуулж, Ухаа худагийн цахилгаан станц, ЦДАШ, дэд станцууд, усан халаалтын зуух зэрэг эрчим хүчний байгууламжуудыг барьж байгуулан ашиглалт, засвар үйлчилгээ, менежментийг хариуцан ажиллах болсон байна.

“М-Си-Эс Интернэйшнл” компани Монголын хоёр дахь салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулахад цахилгаан эрчим хүчний талаас голлон ажиллажээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдсан 50 МВт-ын хүчин чадалтай “Цэций” салхин цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Данийн “Вестас” компани ажилласан бол Монголын талаас “М-Си-Эс Интернэйшнл” ХХК болон “Ньюком Майнинг Сервис” ХХК хамтран “Клин Энержи Ази” ХХК-ийн захиалгаар барьж байгуулжээ. “Цэций” салхин цахилгаан станцын барилга угсралтын ажилд 500 орчим хүн ажилласны 95 хувь нь монгол ажилтнууд байсан аж. Энэ бол сэргээгдэх эрчим хүчний салбарт монгол инженер, техникийн ажилчид түлхүү ажиллаж, мэдлэг, туршлага хуримтлуулж байгаа сайхан жишиг юм.

Хөрсөн доороо арвин их эрдэс баялагтай шигээ агаартаа нар, салхины асар их нөөцийг хадгалсан өмнийн говьд баригдаж ашиглалтад орсон өөр нэг цахилгаан станц бол Ухаа худагийн 18 МВт хүчин чадал бүхий цахилгаан станц юм. “Энержи Ресурс” ХХК-ийн захиалгаар “М-Си-Эс Интернэйшнл” компанийн барьж байгуулсан энэ цахилгаан станц монгол инженерүүдийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг илтгэсэн бүтээн байгуулалт болсон юм. Төслийн гүйцэтгэлд эрчим хүч, барилга угсралтын 80 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн ажилчид оролцсон юм. Энэхүү цахилгаан станц Монголд анх удаа станцын хөргөлтийн системд хуурай хөргөлтийн систем ашигласнаараа онцлог. Үүний давуу тал нь турбинаас гарч байгаа уурыг шууд агаараар хөргөдгөөрөө усны нөөц багасч байгаа өнөө үед хамгийн тохиромжтой шинэ технологи болсныг эрчим хүчний мэргэжилтнүүд болон байгаль орчны салбарынхан үнэлдэг билээ.

“М-Си-Эс Интернэйшнл” компанийн барьж байгуулах гэж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, хэрэгжүүлж буй төслүүд бүгд манай улсын салбарт шинэ туршлага, жишиг загвар болж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж буй “Замын-Үүд гэгээн 15 МВт-ын нарны цахилгаан станц”-ын төсөл нь алслагдсан бүс нутаг дахь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, хэрэглэгчдийн чанартай, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангагдах боломжийг олгох юм. Түүнчлэн байгаль орчин талаасаа нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилдээ 28 мянган орчим айлын цахилгаан хэрэглээтэй тэнцэхүйц цахилгааныг үйлдвэрлэж, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн цэвэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27 мянга гаруй тонн түүхий нүүрс, 202 мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх үр ашигтай гэж тооцжээ. Япон улсын “Шарп” корпорацийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэц, ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч “SMA” фирмийн инвертер зэргийг ашиглан, жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоотой энэхүү нарны цахилгаан станц 2018 онд ашиглалтад орно.

Мөн “М-Си-Эс Интернэйшнл” ХХК “Сайншанд салхин парк” төслийн гэрээлэгчийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж нэлээд олон хэсгийг хариуцаж байгаа ажээ. Энэхүү “Сайншанд салхин парк” төсөл нь Монгол орны зүүн өмнөд бүсийн хэрэглэгчийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, мөн бусад дэд станцын ачааллыг хуваалцах, тэнцүүлэх зорилготойгоор баригдаж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээ бол 2017 оны арванхоёрдугаар сарын 11-нд “М-Си-Эс Интернэйшнл” болон “Тэнүүн гэрэл констракшн” компаниуд “Хөшигтийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станц” төслийн урьдчилсан ажлын гэрээнд гарын үсэг зурсан байна. Шинээр баригдаж буй олон улсын нисэх буудлын баруун урд баригдах энэ нарны цахилгаан станцад мөн Японы “Шарп” корпорацийн нарны дэлгэцийг суурилуулах юм. Уг станц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно.

                                                                              Үндэстний тойм сэтгүүл № 22, 23 (348, 349)

 

- + Text Size share print