М-Си-Эс Группийн компаниуд “Entrepreneur-2016” шагналын эзэд боллоо

2016.12.27

МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг “Энтрепренер” арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж, энэ оны шилдэг компани, аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа.

20 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт “Оны онцлох аж ахуйн нэгжүүд”, “Entrepreneur – 2016 Шалгарсан бизнес эрхлэгчид”, “Greenpreneur-2016”, “Ази Номхон Далайн Орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны “Алтанцом” шагнал” гэсэн дөрвөн ангилалд салбар салбарын шилдэг аж ахуйн нэгж, компаниудыг шалгаруулсан бөгөөд М-Си-Эс Группийн хоёр компани гурван шагналын эзэн боллоо.

М-Си-Эс Кока-Кола компани “Оны онцлох аж ахуйн нэгж”, “Greenpreneur 2016”-аар шалгарсан бол М-Си-Эс Проперти компани “Барилгын салбарын Оны онцлох Entrepreneur” болсон байна.

М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд цэвэр усны асуудлыг онцгой анхааран ажилладаг бөгөөд үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалгад ашиглахад зориулж нано технологиор бүтээгдсэн MBR шүүлтүүртэй, хоногт 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламжийг салбартаа анх удаа ашиглалтанд оруулан, тогтмол үйл ажиллагаа явуулж буй. 2016 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд Улаанбаатар нэгтгэл ХХК-д зам талбайн угаалт цэвэрлэгээнд зориулан 5063 тонн усыг нийлүүлсэн байна. Энэ нь нийт цэвэршүүлсэн усны 5% болж байгаа бөгөөд мөн үйлдвэрийн эргэн тойрны ногоон байгууламжийн усалгаа болон түгээлтийн машины угаалт цэвэрлэгээнд 2000 тонн усыг ашиглажээ.

Түүнчлэн тус компани улирч буй 2016 онд нийгмийн хариуцлагын чиглэлээрх уламжлалт хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээс гадна хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх ая тухтай, нээлттэй орчныг бүрдүүлэх зорилгоор “Happiness center” төвөө нүүлгэн, шинэчилж хүүхэд, залуустаа улам бүр ойртсон. Мөн нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэгч хүүхэд, багачуудын тоглож наадах, тэдний ээж, аавуудын ая тухтай амарч салхилах, аюулгүй орчинг бий болгоход зориулж эмнэлгийн гаднах 1750 м2 талбайд цэцэрлэгт хүрээлэнг байгуулж хүлээлгэн өгсөн юм.

М-Си-Эс Проперти компанийн хувьд 2016 онд манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-11 дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн төр засгийн тэргүүнүүд, хүндэт зочдыг байрлуулах “ASEM Village” төслийг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулсан. Энэхүү төслийн хэрэгжилтийн хугацаанд М-Си-Эс Проперти компани дотоодын туслан гүйцэтгэгч 262 компани, дотоодын бэлтгэн нийлүүлэгч 115 байгууллагатай хамтран ажиллаж нийт 7542 шууд болон шууд бус ажлын байрыг бий болгосон байна. Түүнчлэн тус компани олон улсын хэмжээнд А зэрэглэлд тооцогдох оффис, 5 одтой зочид буудал, худалдаа үйлчилгээний иж бүрэн Молл зэргийг багтаасан Шангри-Ла цогцолборын бүтээн байгуулалтыг хийж бүрэн ашиглалтад оруулсан. Шангри-Ла цогцолбор төсөл нь хэрэгжилтийн явцдаа дотоодын туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч 100  байгууллагуудтай хамтран ажиллаж, 1800 гаруй ажлын байрыг бий болгосон юм. 

- + Text Size share print