М-Си-Эс Группийн гурван компани “Оны шилдэг Энтрепренер”-ээр шалгарлаа

2017.12.25

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “Энтрепренер” ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, М-Си-Эс Группийн гурван компани шилдгээр тодорлоо. Тус шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн тухайн онд шинээр бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлж, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого зэрэг хэд, хэдэн үзүүлэлтээр дүгнэн шилдгийг тодруулдаг уламжлалтай.

МҮХАҮТ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр М-Си-Эс Кока-Кола ХХК болон Энержи Ресурс ХХК-ийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 оны “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр тодруулан мөнгөн Меркури гардуулж,  М-Си-Эс Эстэйтс компанийг үл хөдлөх хөрөнгийн салбарын “Оны онцлох Энтрепренер”-ээр шалгаруулж, хүрэл Меркури гардуулан өргөмжиллөө.

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйг үнэлэн, “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр хоёр жил дараалан тодруулж байгаа нь энэ юм. Тус компани 2017 онд улсын төсөвт 37 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, озоны давхаргад сөрөг нөлөөгүй хөргөгч, бараа бүтээгдэхүүнээ хадгалах зориулалттай авдар, шил, тавиур зэргийг сайжруулахад нийт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн хүний эрүүл мэндэд тустай сахарын агууламжгүй, 0 илчлэгтэй нимбэгний амттай “Sprite Zero”, жижиг савлагаатай “Кока-Кола”, “Schweppes Kiwi” зэрэг гурван төрлийн ундааг зах зээлд шинээр нийлүүлсэн, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өдөрт 80 хүн хүлээн авах хүчин чадалтай “Аз жаргалын төв”-ийг нээн, залуусын боловсрол, хувь хүний хөгжилд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Харин Энержи Ресурс ХХК-ийн хувьд улсын төсөвт 59 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, Ухаа худаг дахь Монголдоо анхдагч нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлж, Монгол инженерүүдийн зохион бүтээсэн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн, уурхайн болон дагалдах техник төхөөрөмжийн технологийг шинэчлэх зэрэг ажлуудад 18.5 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, ажлын байраа 554-өөр нэмэгдүүлсэн амжилтаар “Оны онцлох аж ахуйн нэгж” шагналын эзэн болжээ.

М-Си-Эс Эстэйтс ХХК 2017 онд улсын төсөвт 1.6 төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлж, өөрийн байгууллагадаа эрчим хүч, ус, дулаан хэмнэх ногоон бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Өнгөрсөн онд М-Си-Эс Эстэйтс компани барилгуудын чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн тав тухыг хангах, ногоон эрчим хүч хэмнэх техник төхөөрөмж нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологийн худалдан авалтыг дэмжих зэрэгт нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тус компани дэлхийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том ассоциаци болох “BOMA”, “IFMA” байгууллагын Монголын анхны гишүүн болж, дэлхийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн стандартыг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Ийнхүү шинэ оны босгон дээр баялаг бүтээгчид амжилт бүтээлээрээ уралдан шилдгүүдээ тодрууллаа.

- + Text Size share print