Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас нээгдлээ

2016.09.28

Интермед нь “Joint Commission International” буюу JCI байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг боллоо. Дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг, АНУ-ын Чикаго хотод төвтэй JCI байгууллагын 1100 шалгуур үзүүлэлт бүхий бүлэг стандартыг бүрэн биелүүлсэн Интермед эмнэлэгт итгэмжлэлийг баталгаажуулсан “Алтан тамга”-ыг гардуулсан байна. Тус эмнэлэг 2014 оны 9-р сард нээгдсэн үеэсээ эхлэн JCI бүлэг стандартыг мөрдөн, энэхүү олон улсын магадлан итгэмжлэлийн төлөө хоёр жилийн турш шаргуу ажиллажээ. Эмнэлгийн төсөл эхлэхдээ өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт, арга зүй, “ноу-хау”, технологийг эх орондоо нэвтрүүлэх, гадаадад эмчлүүлдэг монгол иргэдийн урсгалыг сааруулах зорилго тавьжээ. Энэ ч утгаараа Монголдоо анхлан эмнэлгийн барилгыг евро стандартаар барьж байгуулжээ. Түүнчлэн эмнэлгийн гол үзүүлэлт болдог орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч, сувилагч нарын ур чадвар, туршлага, соёлтой үйлчилгээнд ихээхэн анхаарч дагнан мэргэшсэн Монголын шилдэг эмч нарыг урих, залуучуудыг хөгжилтэй оронд давтан сургах зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж хэвшжээ. Ийнхүү төслийн анхан шатнаас эхлэн тавьсан зорилгодоо Интермед эмнэлэгийн хамт олон хүрч, олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээг эх орондоо үзүүлж буйгаа албан ёсоор баталгаажууллаа.

- + Text Size share print