Даавуун эдлэлээр зөөлөн тоглоом, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

2017.12.21

М-Си-Эс Эстэйтс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тархины саажилтын эмгэгтэй хүүхдүүдийн төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг "Ээлтэй ертөнц" ТББ-тай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг билээ. Тархины саажилтын эмгэгээр өвчилсөн хүүхдүүдийн ээжүүд нэгдэн байгуулсан “Ээлтэй ертөнц” ТББ нь зөөлөн тоглоом үйлдвэрлэн худалдаалж, олсон ашгаараа тархины саажилтын оношилгоо, эмчилгээний төв байгуулах зорилготой. М-Си-Эс Эстэйтс компани энэ хамт олны чихмэл тоглоом үйлдвэрлэх үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй болгох, цаашлаад “Тархины саажилтын төв” бүтээн байгуулах үйлсийг нь дэмжин Вива Сити хороололд 123 м.кв худалдаа үйлчилгээний талбайг үнэ төлбөргүй түрээслүүлдэг бөгөөд байрны дотоод засал болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Ийнхүү тархины саажилттай 15 хүүхдийг хөгжүүлэх "Хүүхэд хөгжлийн төв”, асран хамгаалагчийн ажлын байраас гадна ээжүүд зөөлөн тоглоом, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрджээ. Тэд үйлдвэрлэлээ эхлүүлэн даавуун материалаар байгууллагын лого бүхий зөөлөн тоглоом, цамц, футболка, бэлтгэлийн хослол, куртик, цагаан хэрэглэл, дэр, бүх төрлийн цүнх, тор, бэлэгний уут зэргийг үйлдвэрлэж, захиалга авч байна.

Түүнчлэн М-Си-Эс Эстэйтс компани зургаан жилийн ойгоороо хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг санд хандив өргөж байсан юм.

- + Text Size share print