"United Family Intermed" эмнэлэг

Ашиглалтад орсон хугацаа 2013 оны 4-р улирал

Төслийн зорилго

Олон улсын стандартад нийцсэн өндөр хүчин чадал бүхий төв эмнэлэг байгуулах

 

Хэрэгцээ, шаардлага

2012 оны байдлаар Монгол Улсын 2,7 сая хүн иргэнд 1700 гаруй  улс, хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллага үйлчилгээ үзүүлж байгаа ба нийт ачааллын 85 хувийг улсын, 15 хувийг хувийн хэвшлийн эмнэлгүүд үүрч байна. Гэсэн хэдий ч эмнэлгүүдийн ачаалал их, хүчин чадал хүрэлцэхгүй, орчин үеийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд дутагдалтай, мэргэжлийн боловсон хүчний шинэ дэвшилтэт техник технологид суралцах, чадавхи нэмэгдүүлэх боломжууд хязгаарлагдмал хэвээр байсаар байна.

Эдгээр  асуудлууд нь өвчтөнд чирэгдэл учруулж тэдний эмнэлэгт итгэх итгэлийг бууруулах, улмаар гадаад улс орнуудад өндөр үнэ өртгөөр оношилгоо, эмчилгээ хийлгэх шалтгаан болж байна. Манай иргэд оношилгоо, эмчилгээний өндөр технологи бүхий чанартай эмнэлгийн үйлчилгээг эрэлхийлэн БНХАУ, БНСУ, Тайланд, Сингапур, Герман, АНУ зэрэг улс оронд зорчих нь хэвшил болоод байна. Тухайлбал, БНСУ-ын талаас өгсөн мэдээгээр монголчууд жилд 70,0 тэрбум воны эмчилгээ, үйлчилгээ авдаг гэж мэдээлсэн байдаг. Эдгээр нь манай иргэдэд эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний ихээхэн эрсдэл, дарамт үүсч байгаа төдийгүй цаашлаад улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. 

Иймээс Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн өндөр технологи бүхий эмнэлгийн үйлчилгээг бий болгож иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан эрсдэл, санхүүгийн дарамтыг бууруулах нь нийгмийн нийтлэг, тулгамдсан хэрэгцээ болоод байна. 

 

Хөрөнгө оруулагчид ба тэдний зорилт

Дээрхи хэрэгцээнд үндэслэн M-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп  нь өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд Интермед эмнэлгийг байгуулахаар шийдэж 100 хувийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.

Хөрөнгө оруулагчид нь манай улсын иргэдийг дэлхийн жишигт ойртсон чанартай тусламж үйлчилгээг эх нутагтаа авах боломжоор хангах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор Интермед эмнэлгийг байгуулж байгаагийн зэрэгцээ орчин үеийн эрүүл мэндийн практикт хэрэглэгдэж буй дэвшилтэт оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, эмчилгээ үйлчилгээний стандартууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй “ноу хау”-г нэвтрүүлэх, мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

 

Интермед эмнэлгийн хүчин чадал, үйлчилгээний хүрээ

Интермед эмнэлэг нь дотор, ерөнхий мэс засал болон эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээр 91, амбулаторийн тусламж үйлчилгээгээр өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Амбулаторийн үйлчилгээнд дээрх үндсэн чиглэлүүдээс гадна нүд, шүд, чих хамар хоолой, мэдрэл зэрэг оношилгоо, эмчилгээний төрлүүд багтана. Мөн урьдчилан сэргийлэх үзлэг (скрининг)-ийн тасагтай бөгөөд уг тасаг нь өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэн оношилж, олон улсын стандартын дагуу болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн хянадаг нэгдсэн системтэй.

Оношилгооны хувьд сүүлийн үеийн бүх төрлийн дуран, хэт авиа, дүрс оношилгооны аппаратууд бүхий өндөр хүчин чадалтай радиологийн тасгаас гадна үйл онош зүйн лабораторийн шинжилгээнүүдийг хийх хүчин чадалтай.

 

Төслөөс хүлээж буй үр дүн, нийгэм эдийн засагт оруулах үр ашиг

  • Олон улсын стандартад нийцсэн загвар эмнэлэг бий болгох; 
  • Орчин үеийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
  • Орчин үеийн эмнэлгийн мэдээллийн удирдлагын нэгдсэн тогтолцоо бүхий “цаасгүй” эмнэлгийг бий болгох;
  • Эмч, сувилагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх;
  • Үйлчлүүлэгч төвтэй эмчилгээ, үйлчилгээний соёлыг бий болгох;
  • Оношилгоо, эмчилгээний шаардлагаар гадаад улс орон руу явах үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг бууруулах;
- + Text Size share print