Юнисервис Солюшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Б.Энхбаяр

Ажлын карьерын хувьд би 2008 онд сургуулиа төгсөөд, М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн гурван охин компани хариуцсан санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан. Ажлынхаа эхний хэдэн жилүүдэд сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлэх шатандаа явж байсан. Би сурч мэдсэн зүйлээ ашиглахаас илүү энэ байгууллагаас сурах зүйл надад их байсан. Түүний дараа компанийнхаа санхүүгийн шинжээч, ахлах санхүүгийн шинжээч, жилийн өмнөөс санхүүгийн менежерээр ажиллаж байна. Миний бодлоор "М-Си-Эс" бол Монголын компаниудын манлайлагч сурган хүмүүжүүлэгч юм. Яагаад гэхээр Монгол инженерүүдийн анх удаа барьсан цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, “Скай резорт” бааз, “Вива сити” залуусын хороолол, Юнивишн компанийн гурвалсан үйлчилгээ зэрэг Монголдоо анхдагч зүйлийг М-Си-Эс групп маань хийж байна. Ингэснээр бусад компанид үлгэр дуурайл болж, ингэж хийж, хөгжих юм байна гэсэн санал сэдэл төрүүлж байдаг. Би М-Си-Эс Группыг улам хөгжөөсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл шинэ, залуу ажилтнуудаа хөгжүүлнэ, Монголынхоо бусад компанийг хөгжүүлнэ. Бид бүгдээрээ ийнхүү хөгжиж, Монгол орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байна.